Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлтэй уулзаж салбарын сайдаар томилогдон ажиллаж байгаад нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Ц.Сүхбаатар уулзалтын үеэр:
1. Монголын ахмад настны Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас 2002 онд Ахмадын насжилтын асуудлаар гаргасан тунхаглалын 20 жилийн ойн хүрээнд Монголын төр засгаас ахмад настны талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, НҮБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос баталсан Ахмадын эрүүл урт наслалтын 10 жилийн хөтөлбөр, төлөвлөгөөг (2021-2030) хэрэгжүүлэхэд Монголын төр, засгаас баримтлах бодлого үйл ажиллагааг тодорхойлох, ШУА-ийн Философи социологийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Ахмад настны социал асуудал, тэдний өмнө тулгамсан асуудлыг шийдвэрлэх арга зам”, “Ахмад настны амжиргааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” зэрэг асуудлуудыг хэлэлцүүлэх, Үндэсний чуулганыг зохион байгуулахад НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг Олон улсын байгууллагуудад хандаж дэмжлэг авах санал гаргав.
2. Ахмад настнуудын өмнө нэн тэргүүнд тулгамдсан асуудал болох тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар сайдад тодорхой мэдээлэл өгч, 2023, 2024 оны төсөв, төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг хүсэв.
3. Монголын ахмадын байгууллагын түүхт 90, 91 жилийн ойг тохиолдуулан Олон улсын болон Монголын ахмадын өдрөөр Монголын ахмадын холбоог “Сүхбаатарын одон”-гоор шагнуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж өгөх хүсэлтийг сайдад тавив.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монголын ахмадын холбоо болон ахмад настнуудын тавьсан хүсэлтийг төр засгийн байнгын анхаарлын төвд байлгаж, тэднийг хүндэтгэж, хамгаалах талаар цаашид холбогдох арга хэмжээ авч хамтран ажиллахаа илэрхийлэв.