ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар уулзаж, амжилт хүслээ.