Автобусны жолооч нарын сахилга хариуцлага олигтой сайжрахгүй байгаад иргэд бухимдаж байна.
-“Ган хийц” гэсэн хаягтай автобус Драгоны уулзвараар баруун гар эргэж хүнээ буулгаад хөдлөх үед арын автобусны жолооч нь гуйгаад зорчигчдоо суулгалаа. Нэлээд хэдэн хүн суусан. Гэтэл “Ган хийц” чиглэлийн автобусны жолооч алба шиг зөвшөөрчихөөд байдгаараа уурлаж, сигналаа галзуурсан юм шиг орилуулдаг байгаа. Яг урдуур нь дөнгөж хоёрхон сартай нярай хүүхэд тэвэрсэн хоёр залуу гарч явсан юм. Тийм хэтэрхий чанга дуу чимээнд нялх амьтан байтугаа том хүн ч ухаан алдаж унамаар юм билээ. Магадгүй хүүхдийн сонсгол, мэдрэл, тархи, зүрхэнд маш таагүй нөлөөлсөн байх. Ангаахай шиг нялх амьтныг харсаар байж дуут дохиогоо байдаг чадлаараа орилуулсан нөгөө автобусны жолоочид эрүүл ухаан байна уу гэж бодогдсон шүү. Хэтэрхий мулгуу жолооч байсан даа. Ядаж хүүхэд, хөгшид цочирдож ямар байдалд орохыг ойлгомоор юм. (СХД. Бадмаа)
-Автобус компани жолооч нараа яаж шалгаруулж авдаг юм бэ? Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой хамгийн хариуцлагатай ажилд хүнээс маш сайн сонгож авах ёстой, сургалт байнга хийх ёстой. 1990 онд автобусны жолооч нар ямар бүдүүлэг байлаа. Одоо дээшилсэн шинж огт алга. Цонхоороо хог хаяна, шүлс, нус цэрээ байнга хаяна. Хурд хэтрүүлнэ, гэрлэн дохио зөрчинө, урсгал сөрнө, нэгдүгээр эгнээсээ гарч, жижиг оврын машинуудыг шахна, гүйцэт түрүүлнэ, хөгжмөө чарлуулна, бэлэн мөнгө байнга авна, зорчигчдын эрхэнд халдана, доромжилно, утсаар ярина…Нэг автобусны жолооч бүр жолооныхоо урд гар утсаараа кино үзээд яваад байсан ш дээ. Тэр мал гэмгүй хүмүүсийн амь насанд заналхийлж байгаагаа огт ойлгохгүй байгаад гомдолтой байна. Бас нэг жолооч хүүхэн хөдөлгөөнд оролцож байж видео колл хийгээд яваад байх юм. Хэлсэн чинь хүлээж авах чадвар, ухамсар даанч алга! (БЗД. Соёлмаа)
–2013 оны цагаан сарын шинийн нэгний өдөр эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт Дархан явахаар Драгон руу хөдөллөө. Шар хад-Таван шар гэсэн 27 номерын шар автобус байсан юм. Гэтэл яг буудал дээр иртэл эргүү жолооч буудлынхаа карма руу шахалгүй бүр хол зогсчихлоо. Хоёр хүүхэд маань буутал ар талын автобус маш хурдтай орж ирээд миний хоёр хүүхдэд наалдах шахам тулаад зогслоо. Ээ, бурхан минь. Хэрвээ араас орж ирсэн автобус тормозгүй байсан бол, жолооч нь буруу харчихсан явсан бол яах байсан бол! Бүхэл бүтэн айлыг сүйрүүллээ ш дээ! (БЗД. Дорж)
-2022 оны 5 дугаар сарын 7-ны орой 19 цагийн үед Отгонтэнгэр их сургуулийн урд талын зам дээр хоёр автобус уралдаад. Нэг нь бүр 3 дугаар эгнээнд орчихоод сигналаа дараад галзуу юм шиг давхих юм. Хүний амьд явах эрхэнд шууд заналхийлж байна ш дээ. Ер нь том оврын автобуснууд зүүн 4 замаас зүүн чиглэлд гэрлэн дохиог байнга зөрчдөг. Ногоон гэрэл асчихсан байхад л уралдаад ороод ирдэг. Сургуулийн хүүхдүүд ногоон гэрэл асчихлаа гэж бодоод гүйвэл тэгээд л дуусах нь тодорхой. Арга хэмжээ аваачээ! (БЗД. Мундагбаатар)
-Ухамсар муутай хүмүүс нийтийн тээврийн унаа барих нь маш эрсдэлтэй. Ялангуяа замын хөдөлгөөний дүрэм байнга зөрчдөг балмад нөхдүүдэд хариуцлага ярих ёстой. Би хувьдаа ковид ихэссэнд автобусны жолооч нарын ухамсаргүй, хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж боддог. Халдвар оргилдоо хүрсэн үед халдвар, хамгааллын дэглэмийг зөрчиж, орлогоо бодоод, бэлэн мөнгө авах гээд хүмүүсийг олноор нь чихсэн. Бараг хаалгаараа гоожих нь холгүй их хүнтэй автобус олныг харсан. Нийтийн тээвэр зохицуулалтын газар, автобус бааз нь яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ?! (БГД. Самбуу)
-Автобусны жолооч нар бэлэн мөнгө аваад байхаар нийтийн тээвэр яагаад ч хөгжихгүй. Нэг троллейбусны жолооч бүр хаалгаа цоолоод бэлэн мөнгө авдаг нүх гаргачихсан байна лээ ш дээ. (СХД. Гэрлээ)
Энэ хэдxэн жишээ автобусны жолооч нарын ухамсар, хариуцлага ямар түвшинд байгааг харуулж байна. Нийтийн тээврээс улсын нүүр царай харагддаг. Нийтийн тээвэрт соёлтой, цэвэрхэн, ач тухтай орчин бүрдэж чадсан тохиолдолд энэ салбар хөгжинө. Сингапур, Англи зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад төрийн албан хаагчид нь нийтийн тээврээр л ажилдаа ирдэг гэсэн. Хамгийн гол нь тийм түвшинд ойртож чадсан тохиолдолд замын түгжрэл зохих хэмжээгээр буурах нь тодорхой. Нөгөө талаас өглөө гараад орой гэртээ амьд харих баталгаа иргэдэд хэрэгтэй байна!
С.Соёлмаа