С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр журмын нөхөд нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг.
ШИНЭ намыг үүсгэн байгуулагчид болох УИХ-ын гишүүн, С.Зоригийн хэргийг шалгах Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд нар өнөөдөр Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Л.Болд гишүүн хэлэхдээ “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчин, захиалагч, түүний ар талд байгаа гадна, дотны хүчнүүд бүгд сул чөлөөтэй явж байна. Энэ бол МАНАН-гийн хамгийн эхний том аллага байсан. С.Зориг өөрийнхөө амиар маш олон хүний амь насыг хамгаалсан. Хэрэв тухайн үед монголчууд Сүхбаатарын талбайг дүүртэл цуглаагүй бол дараагийн олон, олон Зоригийг устгах байсан. Монголын тусгаар тогтнолын төлөө, эрх чөлөөний төлөө гэсэн хүн бүрийг устгаж, Монголыг эрхшээлдээ оруулах хуйвалдааныг С.Зориг өөрийнхөө амиар хаасан. Монгол хүний саруул ухаанд итгэж, Монголынхоо хөгжил дэвшилд цээж дүүрэн итгэлтэй явсан түүний үйл хэрэг биелэх цаг алс хэтийн ирээдүйд ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Коронавирусээс болж бидний тэмцэл саатлаа. Гэхдээ үргэлжлүүлэн тэмцэх болно. Та нар айцгаа, яргачид аа, Монголын ард түмэн та нартай тооцоо бодно” гэв.
С.Сувд