Турк улсын Истанбул хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын ажилтнууд хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдсэн бөгөөд, тус улсын хуулийн байгууллагаас хэрэгт холбогдсон Монгол иргэдээс байцаалт авахыг хүссэн захидал ирүүлсэн талаар мэдээлэл тараад байгаа юм. Хамгийн гол нь энэ захидлыг Гадаад харилцааны яам нуун дарагдуулсан гэдэг нь ор үндэсгүй, худлаа мэдээлэл аж. Харин ч Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам дипломат албан үүргийг гэмт хэрэгт ашигласан хүмүүст хатуу хариуцлага тооцож, дипломат албаны томилгоонд онцгой анхаарахаар ажиллаж эхэлжээ.
Ер нь сүүлийн жилүүдэд Монголын дипломат албаны хүрээнд ноцтой гэмт хэрэг тасраагүй. Ялангуяа хар тамхины хэрэгт хэд хэдэн консулын ажилтан, тэр ч бүү Элчин сайд өөрөө хүртэл холбогдон саатуулагдсан цаг ердөө саяхан. Истанбул дахь Консулын газрын дэд консул н.Баттүшиг, Монголын худалдааны атташе, дипломатч Т.Мөнхбат гээд хэд хэдэн дипломат байгууллагын ажилтнууд хөдлөшгүй баримтаар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын наймааны хэргээр саатуулагдаж, зарим нь эхнээсээ ял сонсоод байна. Тэдний ихэнх нь 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед томилогдсон тус намын шахааны хүмүүс бөгөөд харийн нутагт Монгол Улсаа нэр төртэй төлөөлөхийн оронд хар тамхины мафийн сүлжээ байгуулчихсан байгаа юм. Угтаа бол гадаад оронд Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс хамгийн дээд ёс зүйтэй байх учиртай биз дээ? Хүн төрөлхтнийг мөхөл рүү хөтөлж буй цагаан тахлын аюулын эсрэг дэлхий нийтээрээ хайр найргүй тэмцэж байгаа ийм хариуцлагатай үед Монголын дипломатууд хууль бус хар тамхины наймаанд холбогдоно гэдэг гутамшигийн дээд гутамшиг.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хар тамхины хэрэг дэлхий дахинд Монгол Улсыг, Монголын төрийг шороотой хутгалаа. Хохирлын хэмжээг мөнгөөр үнэлэх аргагүй. Наанадаж өөрийнхөө карьерийг, цаашлаад дипломат албаны болон Монгол Улсын нэр хүндийг, дипломат хөх паспортын чадамжийг алдагдуулсан хэтэрхий хариуцлагагүй үйлдэл бол энэ. Хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болно. “Саарал жагсаалт”-д ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл энэ мөн” хатуухан хэрнээ үнэн үгийг хэлсэн нь цаашид дипломат албыг цэвэрлэх цаг иржээ гэсэн сануулга болсон юм. Үнэндээ дипломат албыг хууль бус бохир мөнгө олох хэрэгт ашиглана гэдэг чинь Монгол Улсынхаа нэр хүндийг золиосолж байгаа дэндүү цайчихсан, увайгүй хэрэг биз дээ?
Д.Дорж