Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас яллагдагчаар татан, байршилыг нь тогтоолгохоор Олон улсын интерпол байгууллагад хандсан талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан Т.Баярхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс 2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Интерполд хандаад байна” хэмээн ярьсан билээ. Үүний дараахан Ц.Элбэгдорж “Намайг хайх хэрэггүй. Би удахгүй очно” гэж мэдэгдсэн ч хэдхэн хоногийн дараа “Би Х.Баттулгын урилгаар очихгүй” хэмээн хэлсэн үгнээсээ буцсан юм. Гэхдээ хэд хоногийн өмнө эх орондоо төд удалгүй очих болсноо албан ёсоор зарласан. Ямар ч байсан наашилж л яваа бололтой.
Харин өнөөдөр экс Ерөнхийлөгч өөрийг нь Олон улсын байгууллагад матсан талаар твиттер хуудаснаа “Намайг олон улсын байгууллагад хэд хэд матжээ. Дарангуйлагч, алуурчин, талуурчин гээд. CD, flash, зураг. Бүгд гүтгэлэг, кино, эвлүүлэг. Эзэн, эх сурвалж нь танил. Ийм юм манайд ирлээ гээд над руу зарим нь явуулжээ. Шуудан, email-ээр. Матаач, долоогчид хаа газар онигооны байх юм” хэмээн жиргэжээ. Харин хэнийг хардаж байгаагаа дурдсангүй.
Д.Болор
Намайг олон улсын байгуулагад хэд хэд матжээ. Дарангуйлагч, алуурчин, талуурчин гээд. CD, flash, зураг. Бүгд гүтгэлэг, кино, эвлүүлэг. Эзэн, эх сурвалж нь танил. Ийм юм манайд ирлээ гээд над руу зарим нь явуулжээ. Шуудан, email-ээр. Матаач, долоогчид хаа газар онигооны байх юм. https://t.co/wygrg06dXm
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) March 15, 2020