Ж.Батзандан: Том луйварчид далайн эрэг дээр амарч байхад ардын хүүхдүүд шоронд ясаа цайтал сууж байна
УИХ-ын гишүүн, С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хандаж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах хууль эрхзүйн үндэслэл үүссэн учир яаралтай дүгнэлт бичиж Улсын дээд шүүхэд илгээхийг шаардлаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Олон улсын нэг байгууллага, дотоодын хоёр байгууллага Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдгийг албан ёсоор нотолсон дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, Олон улсын нэг байгууллага гэдэг нь Олон улсын парламентын холбоо, түүний дэргэдэх Хүний эрхийн хороо, дотоодын хоёр байгууллага гэдэг нь Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь Түр хороо юм. Энэ гурван байгууллага дүгнэлтээ гаргаад прокурорт албан ёсоор хүргэж байна. Гурван шатны шүүх Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг мэдэхгүйгээр, анзааралгүйгээр, судлалгүйгээр шийдвэрээ гаргасан. Үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзнэ. Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагаанаас болж Монгол Улсын иргэн хэлмэгдэж, шүүх ял өгсөн тохиолдолд, шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаа хожим нь илэрсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сэргээн шалгадаг. Хоёрдугаарт, Амгаланбаатар “Надад 500 сая төгрөг амлаж, гадаадад гаргана гэсэн учир би гүтгэсэн юм, уучлаарай” гэдэг захидлыг Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн юм. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал. Үүнийг үндэслэж Дээд шүүхийн бүх шүүгчийн хуралдаан хуралдах ёстой, хэргийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтад буцаах, гарсан шийдвэрийг хүчингүй болгох ёстой. Шинээр илэрсэн 4 нөхцөл байдал тогтоогдсон байхад нэн даруй хэлмэгдсэн хоёр хүнийг суллах ёстой. Олон улсын парламентын холбоо, Хүний эрхийн комисс, УИХ-ын Түр хороо дүгнэлтээ гаргасан. Энэ шийдвэрүүдийг үндэслэж прокурор дүгнэлтээ бичиж Улсын дээд шүүх рүү явуулах үүрэгтэй. Прокурорын дүгнэлтийг үндэслэж Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан хуралдаж, шинээр үүссэн нөхцөл байдлын хүрээнд өмнөх гурван шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, Содномдаржаа, Чимгээ нарыг нэн даруй суллах үүрэгтэй. Өнөөдөр Элбэгдорж, Сайханбилэг нарын том луйварчид гадагшаа зугатаж гараад далайн эрэг дээр амарч байхад ардын хүүхдүүд шоронд ясаа цайтал сууж байна. ШИНЭ нам үүнтэй эвлэрэхгүй. ШИНЭ нам ардын хүүхдүүдийн төлөө, шударга ёсны төлөө тэмцэхээр байгуулагдсан нам. Монголын төр ард түмэндээ дэндүү ялгавартай хандаж байна. Сайханбилэгийг зориуд зугатаалгасан, Элбэгдорж, Бадамжунайг нарыг ч зориуд зугатаалгасан. Хэрвээ 12 дугаар сардаа багатааж Содномдаржаа, Чимгээ хоёрыг нэн даруй суллахгүй бол ШИНЭ нам олон түмнийг хамарсан өргөн жагсаал хийнэ. Монголын жирийн ард түмний хүүхдүүдийн төлөө манай нам ширүүн тэмцэл хийнэ” гэлээ.
С.Бат