УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ. Улмаар гишүүдийн 62 хувийн саналаар уг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэмжлэг авах нь тодорхой боллоо.
Чуулган дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж та ажлаа өгөөд яваад өг гэх ухааны үг шидэв. Түүний энэ үгэнд Ц.Нямдорж сайд ихэд эгдүүцэж “О.Баасанхүүд хэлэхэд би мафитай тэмцэж байгаа нь үнэн. Чи намайг буулгах гэж үхэн хатан тэмцэж байгаа ч би бууж өгөхгүй. Чи намайг буулгаж ч чадахгүй. Чи Эрүүгийн хуулийг ерөөсөө ойлгодоггүй байж олон юм бүү ярь. Саарал жагсаалтад надаас болж ороогүй юм шүү. Чам шиг юманд бууж өгч үзээгүй юм” хэмээн хариу барив. Ц.Нямдоржийг сайд болсноос хойш хамгийн “өдөж”, болж өгвөл явуулахын түүс болж байгаа хүний нэг нь О.Баасанхүү гэдэг нь ойлгомжтой болсон асуудал. Чуулганы хуралдаан болгон дээр Ц.Нямдорж руу довтолж, тэр хэрээр хашир улстөрч ундууцдаг болоод байгаа юм.
С.Бат