Одоогоос дөрөв таван жилийн өмнө юмуу даа, нийтийн эзэмшлийн талбайг хаасан саад, хаалтуудыг чөлөөлөх шийдвэрийг хотын захиргаанаас гаргаж байлаа. Энэ ажил ялангуяа орон сууцны иргэдээс өндөр үнэлэлт авч байсан юм. Хэдхэн метрийн цаана харагдах газарт очих гэж илүү хол замаар тойрдог учраас тэр л ээ. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн талбайд дураараа өргөтгөл хийх, замыг нь хааж хашаа барих үзэгдэл газар аваад байсныг цэгцлэх оролдлого тэр үед эхэлсэн хэрэг. Гэхдээ монголчууд аливаа хууль дүрмийг ягштал биелүүлэхдээ тааруу учраас тухайн үед уг захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж идэвхтэй ажиллаж өгөөгүй юм. Тэгвэл саяхнаас энэ асуудал дахиад хөндөгдөж эхэлжээ.
Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлжээ. Уг ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гүйцэтгэж байна.
Д.Дорж