Хур бороогүй зуныг ямар зун гэхэв. Түм түчигнэж, бум бужигнасан нийслэл хотод бороо шиг хэрэгтэй эрдэнэ үгүй. Тоос, тоожилт буурч, түр боловч агаар цэвэршдэг. Ядаж л бороо орохоор зүлэг, модны өнгө сэргэж хот маань цаанаа л нэг өнгө жавхаа олдог. Харамсалтай нь борооны усыг зайлуулах систем бараг байхгүй, хот төлөвлөлтөд энэ асуудал үндсэндээ тусгагдаагүй учраас жаахан ширүүхэн бороо орохоор л энд тэндгүй үер бууж, хотын төв замууд усаар дүүрч хүн, машингүй усанд дарлуулах юм.
Уг нь хэдэн жилийн өмнө баруун дөрвөн замаас Ханын материал хүртэлх болон зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон чиглэлийн замуудыг зассан. Гэтэл тэр замыг тавихдаа тухайн газрын хэмжилзүйг муу тооцож, ус зайлуулах хоолойг стандартын түвшинд хийгээгүйгээс ч тэр үү борооны үеэр зарим газраа ус машины хамрыг давах шахаж байна. Хамгийн гол нь өч төчнөөн хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарж байж шинэчилсэн зам нь борооны усанд автаж, маш богинохон хугацаанд эвдэрч байна! Байгалийн гамшигийн хэмжээнд хүрсэн хүчтэй аадрын үед үер буух нь аргагүй гэж бодоё. Ердөө хэсэгхэн хугацааны ширүүвтэр бороонд л хотын нөхцөл байдал ямар түвшинд байгаа нь харагдаж байна шүү дээ.
Өндөр хөгжилтэй оронд бороо яаж ч орсон сороод авчихсан мэт зам дээр ус тогтоно гэж байдаггүй. Манайд хэзээ тийм ая тухтай орчин бүрдэх юм бол? Нийслэлд маань бороо орохгүй удвал хэцүү. Бороо орох түүнээс ч хэцүү болчихоод байна даа.
Д.Дорж