Монгол Улс 66.5 сая толгой малтай. Гэтэл нийслэлд “атга” үхрийн мах 16500 төгрөгийн үнэд хүрчээ. Сүүлийн үед махны үнийн өсөлтөөр ченжүүд тоглолт хийгээд байна уу гэсэн хардлага иргэдийг дунд байна. Тухайлбал, энэ сарын 13-ны ханшаар малчдын хотонд үхрийн мах 8500 төгрөг, “Хүчит Шонхор” зах дээр 12500 төгрөг, томоохон сүлжээ дэлгүүрүүдэд 15500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Үүнээс харахад ченж нар малчдын гар дээрээс худалдаж авсан махан дээрээ 4000 төгрөг нэмээд нийслэлчүүдэд зарж байгаа юм.
Уг нь ченж нар бензин тос гарздан холоос тээвэрлэж ирээгүй, үйл ажиллагааны зардал болон ашгаа нэмэхэд л махны бодит үнэ гарч ирэхээр байгаа. Гэвч “Хятадууд их хэмжээгээр худалдаж аваад хомсдол үүсээд байна” гэх шалтгаанаар махны үнийг хөөрөгдүүлж дундаас нь овоо хөөрхөн ашиг олчхож байна. Хөдөө орон нутгаас малчид махаа ачаад ирэхээр “үхтэл” нь доош хийж хамгийн бага үнээр худалдаж авдаг. Даана ч энэ бүхнийг зохицуулдаг төрийн бодлого алга. Стратегийн хамгийн чухал хүнсээ хэдэн ченж нарын гарт өгчихсөн. Ард түмнийг төрд төлөөлж буй зарим түшээд нь “Түмпэн, түмпэнгээр нь хорхоглож, боодоглоод идэхээ болих хэрэгтэй. Махныхаа хэрэглээг багасга” гэж даапаалж байгаа. Өнөөдөр орлого багатай өрхүүдийн хувьд мах тансаг хэрэглээ болон хувирч, дайвар бүтээгдэхүүнээр хоногийн хоолоо залгуулахаас аргагүйд хүрч байна.
М.Амаржаргал. Эх сурвалж: medee.mn