Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Чуулган завсарлахаар Улсын Их Хурал амарчихдаг юм шиг буруу ойлгоод байдаг. Байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байх ёстой. Тиймээс ойрын өдрүүдэд ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Татварын багц хуулиуд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Өнөөдөр УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Түүнчлэн УИХ-ын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тантай уулзаж байгаа юм. Ардчилсан нийгмийн суурь зарчим бол хүний эрхийг дээдлэх, хангах, хамгаалах явдал юм. Хугацаат цэргийн албан хаагч амиа алдсан, иргэд олноороо хоолонд хордсон, 13 настай охины амийг хөнөөсөн хэрэг гээд анхаарал татсан олон асуудал байна. Хуулийн байгууллага хүний эрхийг зөрчдөг талаар мэдээлэл цөөнгүй ирж байгаа. Тиймээс манай улсад хүний эрхийн байдал ямар байгаа талаар болон анхаарах асуудлын талаар байр суурийг чинь сонсъё гэлээ.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Монгол Улс улс төр, хууль эрх зүйн тогтолцоо талаасаа хүний эрхийг хангах, хамгаалах баталгаа бүрдсэн орон хэдий ч зөрчил буурахгүй байгаа нь голчлон эдийн засгийн баталгаа муутайгаас болж байна” гэв.
Тэрбээр манай улсад түгээмэл тохиолдож байгаа хүний эрхийн зөрчилд хөдөлмөрлөх эрхийн зөрчил, түүний дотор ажлын байрны бэлгийн болон бусад дарамт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэнийг дарамталдаг, сүрдүүлдэг, зоддог зөрчил хамаарч байна. Түүнчлэн баривчлах шийтгэлийг ногдуулахдаа цагдан хорих байрны багтаамжийг хэтрүүлж эрхийг нь зөрчдөг, манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц дотоодынхоо хууль тогтоомжтой зөрчилддөг, сэтгэл санааны хохирол, хүний амийг үнэлэхгүй байх явдал анхаарал татаж байна. Харин тоон үзүүлэлт нь буураагүй ч хүүхдийн эрхийг хамгаалах арга хэрэгсэл, олон нийтийн санаачилга эрс сайжирсан, бага насны хүүхдээр хурдан морь унуулсны улмаас хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах зөрчил ихээхэн багассан гэж тэмдэглэв.
Тэрбээр:
-сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газрыг тусгайлан байгуулах;
-химийн хортой, аюултай бодисын хэрэглээ замбараагүй болж, хяналтаас гарч мэдэх түвшинд хүрснийг онцгой анхаарах;
-лабораторийн шинжилгээ, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг бүрмөсөн хориглох;
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь хянан шалгах юм. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж, харьяа байгууллагуудтайгаа хамтран ажиллах ёстой гэж үзэж байна. Тухайлбал хууль, хяналтын байгууллагууд болон бусад орчинд гарч буй хүний эрхийн зөрчил, төрийн алба, албан хаагчдад сахилга хариуцлагыг сахиулах зэрэг чиглэлээр Та бүхэнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. УИХ хүний эрх, шударга ёс зөрчигдсөн асуудалд онцгой анхаарах болно. Үүнд Хүний эрхийн үндэсний комиссын гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтой” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.