УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 104 нь оролцлоо. Үүнээс 103 гишүүний саналаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Хамгийн түрүүнд эрчим хүчний салбарыг либеральчлах ёстой. Энэ салбарын үнийг чөлөөлөх ёстой” гэв.
Мөн хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа либеральчлах гээд олон чухал асуудал тулгамдаад байгааг илэрхийллээ. Мөн гадаад нөхцөл байдал хүндэрч байгаа болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч байгаа учир хамтарч, эвлэлдэн нэгдэж ажиллахын чухлыг онцоллоо. Түүнчлэн уул уурхайн салбарыг байгаль ээлтэй байдлаар ашиглаж эдийн засгаа тэтгэх талаар хөндлөө.
Төрийн ордныг Хөшигийн хөндий рүү нүүлгэж, улмаар хотын төв Хөшигийн хөндий хоёрыг холбох замаар төвлөрлийг сааруулах асуудлыг ч зоригтой эхлэх ёстой гэж Ерөнхий сайд онцлов.
Д.Лхагва