УИХ цагаан сартай өрсөөд томилгоог хийх гэж ёстой л шууруулж байна даа. Өчигдөр УИХ-ын шинэ даргыг сонгож, батламжилсан даруйдаа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг чөлөөлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ч.Цогзолмааг огцруулсан бол тэдний оронд томилогдох сайд нарын томилгоог өнөөдөртөө багтаан хийж дуусгах гэнэ. Угаасаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагаан сарын өмнө танхимаа бүрдүүлээд, бүтцийн хувьд жигдрээд авая гэж бодсон бололтой.
Өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын зарим гишүүдийг томилох УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад дэмжигдсэн бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдад тус тус нэр нь дэвшээд байна. МАН энэ удаад бас л “давхар дээл”-ийг сонгов. Ё.Баатарбилэгийн хувьд нөгөө хоёроо бодвол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг нэлээд хүчтэй эсэргүүцэж байсан хүн. М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудал дээр ч намын даргынхаа эсрэг зогсч байсан. Гэхдээ У.Хүрэлсүх “нөгөө талын” хүнийг танхимдаа авах тал дээр буулт хийсэн бололтой.
Д.Лхагва