УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Гишүүн Л.Оюун-Эрдэнэ “…жишээлбэл, Япон, Солонгост парламентийн тэргүүнтэй холбоотой асуудал үүсвэл шууд огцордог. Гэтэл манайд заавал нэг хүнд зориулсан тусгай хууль баталж байж асуудлыг шийдэх дээрээ тулж байгаа нь харамсалтай. Ард түмэн тайвширч болохгүй. Хэдийгээр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль батлагдсан ч наана нь юу болохыг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан УИХ-ын даргыг ажлаа өгтөл сонор сэрэмжээ алдаж болохгүй’ гэлээ. Гишүүн Ж.Батзандан МАНАН-гийн эсрэг ард түмэнтэйгээ тэмцэж буй биднийг маш их гүтгэн дайрч байна. Нэг нэгээр нь хариуцаж аваад хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар балбаж байна. Энэ долоо хоног бол УИХ-ын даргыг чөлөөлөх шийдвэрлэх долоо хоног” гэлээ.
“М.Энхболд дарга ажлаа өгсний дараа талбай дээрх гэрүүдийг буулгана. Хэрэв “ЖДҮ”-г эсэргүүцэж байгаа улстөрчид тэнд тэмцэл өрнүүлж, магадгүй та нарын барьсан гэрийг түрээслэх санал гаргавал яах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад гишүүн Ж.Батзандан “ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг бид эсэргүүцэж байгаа. Гэхдээ зөвхөн 2018 оны “ЖДҮ” биш, түүнээс өмнөх “ЖДҮ”-г ч шалгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол “Эрдэнэт” үйлдвэр, “Цагаан суварга”, “Таван толгойн” луйвар бол “ЖДҮ”-гээс илүү том хэрэг шүү. Талбай дээр хандиваар 40 гэр барьсан. Суулт тарсны дараа жагсаал, цуглаанд идэвхтэй оролцсон хүмүүст сугалгаагаар өгөхөөр ярилцсан” хэмээн хариулав.
Д.Дорж