Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын дэгийн тухай хууль”-д нэмэлт оруулахаар хуулийн төсөл санаачилжээ. Тэрбээр “УИХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргах зорилгоор ийм хууль боловсруулсан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хуулийн төслийг маргааш өргөн барихаар болсон байна. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолыг төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө гэсэн заалт оруулжээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дэмжигдвэл УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль эрхзүйн орчин бүрдэх гэнэ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын дэгийн тухай хууль”-д нэмэлт оруулахаар хуулийн төсөл санаачилсан боловч УИХ-ын Тамгын газраас бүрдэл дутуу гэдгээр хүлээн авсангүй. Уг нь “Хууль тогтоомжийн хууль”-ийн 12.2.22 заалтын дагуу уг бүрдлээс чөлөөлөгдөх юм. Маргааш өргөн барих болно” хэмээн жиргэсэн байна.
Дашрамд дурдахад Ерөнхийлөгчийн боловсруулсан уг хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд дэмжихээр боллоо.