Өчигдөр өглөө эхэлсэн МАН-ын Бага хурлын 3 дугаар хуралдаан шөнө дунд болтол хуралдлаа. УИХ-ын даргын асуудал дээр хамгийн их цаг авсныг Бага хурлын гишүүд хэлж байлаа.
Үдээс хойш УИХ-ын дарга М.Энхболдын асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болж хуралдаан түр завсарласан. Гэхдээ Удирдах зөвлөлөөс нэгдсэн шийдвэр гараагүй учир МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хуралд хандаж асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Удирдах зөвлөлийн хуралдаан болохоос өмнө У.Хүрэлсүх М.Энхболд нар ганцаарчлан уулзсан бөгөөд энэ үеэр У.Хүрэлсүх “М.Энхболд даргаа та ч албан тушаалаа өг. Би ч Ерөнхий сайдаасаа огцроё. Энэ бол бид хоёрын дунд л болж байгаа яриа шүү” гэж тулгасан аж. Харин М.Энхболд нь үүнийг хүлээж аваагүй байна.
Ийнхүү нууцаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувь нь УИХ-ын дарга М.Энхболдод ёсзүйн хариуцлага тооцон, албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Энэхүү шийдвэрийн дараа М.Энхболд үг хэлэхдээ “Ийм шийдвэр гарсан ч гэлээ би өргөдлөө өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа” гэжээ.
Түүнээс гадна Бага хурлаас Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, оронд нь нийслэлийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулжээ.
Б.Болд