Хүн ам ам цөөнтэй манайх шиг улсад угийн бичиг хөтлөх шаардлага зайлшгүй бий. Цус ойртолт үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш эмзэг асуудал учраас айл өрх бүр угийн бичиг хөтөлж байх ёстойг бараг хүн бүхэн мэддэг. Гэхдээ төдийлөн ойшоож үздэггүй хүмүүс ч цөөнгүй байна. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Ш.Чулуунчимэг угийн бичгийн ач холбогдлыг монголчууддаа ойлгуулах сэтгэлээр угийн бичиг хөтлөх ёс зан заншлын талаарх судалогааг бие даан хийж, 1996 оноос эхлэн гэр бүлийнхээ удмын номыг бичиж эхэлжээ.Улмаар 2016 онд тэтгэвэртээ суусныхаа дараа Монголын угийн бичгийн холбоонд гишүүнээр элсэж мэргэжил нэгт нөхөд, залуучуудад угийн бичиг хөтлөх араг барил, туршлага эзэмшүүлэх ажлыг хийж эхэлжээ. Ингээд түүнтэй Чингэлтэй дүүргийн ахмадын хорооны уулзалтын танхимд биечлэн уулзаж ярилцсан юм.
-Ахмад үе сонины уншигчдад өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Намайг Шархүүгийн Чулуунчимэг гэдэг. 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 2009 онд МУИС-ийг шашин судлаач мэргэжлээр төгссөн. Тэтгэвэртээ суугаад угийн бичиг хэрхэн бичих талаар гарын авлага бэлтгэж, сургалт хийж байгаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн зарлигаар ургийн бичиг бичих 30 сургагч багш бэлдсэний нэг нь би. Өөрөө сонирхолтой учраас цаг хором бүрийг энэ ажилдаа зориулж ирсэн.
-Цус ойртолт тухайн ард түмний генийн удмын санг гэмтээх аюултай гэдэг утгаараа яах аргагүй үндэсний аюулгүй байдалтай холбогддог. Тийм учраас айл өрх бүх ургийн бичгийг хөтлөх шаардлагатай. Судлаач хүний хувьд өнөөдөр байдал ямар түвшинд байна гэж бодож байна вэ?
-1996 онд цус ойртолт 8 дугаар үедээ байсан бол өнөөдөр 4 дүгээр үедээ ороод байна. Бүр ойртсон гэсэн үг. Өнгөц харахад хувь хүний асуудал мэт боловч үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой маш эмзэг сэдэв. Тийм учраас айл өрх бүр хөтлөх ёстой. Харамсалтай нь манайхан тэр түвшинд хөтөлж чадахгүй байна. Манай бага дүү хөтөлдөг учраас манайх хөтлөх шаардлагагүй гэж ярих хүмүүс хаа сайгүй. Энэ бол маш буруу ойлголт. Эцэг, эхээс тавуулаа төрж, бүгд өрх тусгаарласан бол бүгдээрээ тус тусдаа ургийн бичгээ хөтлөх ёстой юм. Ургийн бичих хөтлөхийн ач холбогдлыг монголчууд эрт дээр үеэс мэддэг байсан. 1300-аад онд хөтөлдөг байсан гээд бод доо. Харин Манжийн дарлалын үед бүдгэрээд, 1925 онд ургийн овог хэрэглэхийг бүрмөсөн зогсоосон. Харин 66 жилийн дараа 1991 оны 06 сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ургийн бичиг хөтлөх, ураг овог сэргээхээр болж, улмаар 1997 оны 1 дүгээр сард Монгол улсын Засгийн газрын 27 дугаар тогтоол гарч ургийн овог хэрэглэх болсон. Хувьсгалаас өмнө монголчууд бичиг үсгийн боловсролгүй байсан ч ураг удмаа мэдэлцэх ажлыг сайн зохион байгуулдаг байсан. Хошуу дотроо “Манайхны тэр хүн тэнгэрт дэвшлээ”, “Манайд шинэ хүн мэндэллээ”, “Тэр охин маань айлд очлоо, хүү маань эхнэр авлаа” гэж Засаг ноёндоо амаар болон бичгээр айлддаг байсан. Бичиг үсэг мэдэхгүй нэгнийх нь амаар мэдээлснийг нь ноён өөрөө муутуу цаасан дээр бичиж буулгаад гарынх нь хээг даруулдаг байсан.
Миний хувьд Монгол түмний уламжлалт зан заншлын өвөрмөц нэг соёл эцэг, дээдсийнхээ уламжлалыг дагаж элэг нэгт ахан дүүстээ зориулан 5 үеийнхээ ураг төрлийн хэлхээг ах дүү нарын хамт сураглан судалж, түүнээс хойш ургийн бичээсийг өрх нэг бүрээр хөтлүүлэн дэлгэрүүлэх судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Ургийнхаа уулзалт баярыг 2012 онд санаачлан зохион байгуулсанаас хойш ах дүү төрөл садан нэг нэгнээ таньж мэдсэн ба бүх ах дүүсээрээ ургийн бичиг хөтөлж хэвшсэн.
–Та ургийн бичгийг хэрхэн хөтлөх талаар лекц боловсруулаад зогсохгүй гарын авлага, ном бичиж хэвлүүлжээ. Сургалт зохион байгуулахад ямар байгууллага туслаж дэмждэг вэ?
-Чингэлтэй дүүргийн ахмадын хороо, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар ихэд дэмждэг. Эдгээр байгууллагуудтай хамтран олон удаа сургалт зохион байгуулсан. Тухайлбал, “Ургийн бичиг хөтлөх арга аргачлал, ургийн бичгийн сургагч багш төслийг дүүргийн ахмадын хороо санаачилж, би хамтран хэрэгжүүлсэн.
Ш.Чулуунчимэг өөрийн уг удмаа мэдэж, ургийн бичгийг хэлхээс бичиг, ургийн мод, түүхчлэх аргаар хөтлөөд зогсохгүй бусад өрх иргэнд үлгэр дууриалал үзүүлэн 800 гаруй өрхийн удмын бичгийг эмхэтгэж өгчээ. Түүний олон нийтийн төлөө хийж буй сайн үйлсийг нь үнэлж ойн медалиудаас гадна Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнасан байна.
Д.Лхагва