УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагыг гардууллаа.
Т.Аюурсайхан гишүүн хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүдийн дийлэнх нь УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсгээ зурсан. Ерөнхий сайд огцорч болдог, Ерөнхийлөгч ч огцорч болдог хуультай. Гэтэл УИХ-ын даргыг огцруулах хууль байхгүй ээ гээд сууж болохгүй. УИХ-ын чуулганы хуралдаан удаа дараа хойшилж байна. Үүнээс үүсэн гарах сөрөг үр дүнг М.Энхболд та хариуцаарай’ гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Улстөрийн МАНАН арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. М.Энхболд, Ц.Элбэгдорж гэдэг МАНАН-гийн толгойлогчдыг зайлуулаагүй цагт шударга ёс ирэхгүй. УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол гудамжинд гарч хатуу тэмцэл хийнэ. Өрөөнөөс нь чирч гаргана’ гэлээ.
УИХ-ын даргын Хуульзүйн бодлогын зөвлөх нь гишүүд 100 хувь гарын үсгээ зурсан ч УИХ-ын даргыг огцруулах хууль байхгүй гэж мэдэгдсэн. Үүнээс үзвэл мөргөлдөөн цаашид ч үргэлжлэх төлөвтэй.
Д.Дорж