УИХ дахь МАН-ын гишүүд үндсэндээ 60 тэрбум, ЖДҮ гэдэг хоёр том асуудал дээр яг тэнцүү шахам хуваагдаад байна. 60 тэрбумыг эсэргүүцэгчид УИХ-ын даргыг огцрохыг хүчтэй шаардаж байгаа бол нөгөө тал нь сөргүүлээд ЖДҮ-ийг дэмжих сангаас олон сая, тэрбумын зээл авсан гишүүдэд ёс зүйн болоод хуулийн хариуцлага тооцохыг тулгаж байгаа юм.
Өнөөдөр ЖДҮ-г эсэргүүцэгч Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд мэдээлэл хийж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах тухай албан бичгээ УИХ-ын Ёсзүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Мөн нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүд, эрх мэдэл бүхий хүмүүс ЖДҮ-ийн сангаас зээл авсан ёс зүйгүй үйлдэл сүүлийн үед бүдгэрэх хандлагатай байгаа учраас энэ асуудлыг хууль эрх зүйн үндэслэлээр шалгах хэрэгтэйг сануулж, УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахыг уриаллаа. Нэг талаас тэдний энэ үйлдлийг УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг дайралтыг зогсоох, хүчийг нь сулруулах хариу арга хэмжээ гэж үзэж болох талтай.
МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдал үндсэндээ МАН-ын хагарал болоод байна. Буруутан нь уршигт 60 тэрбум уу, гайт ЖДҮ юү?
Д.Лхагва