МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргыг ажлаа өгөхийг хэд хэдэн удаа шаардсан ч төдийлөн амжилт олохгүй байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байх үед ч “Би үлдсэн ч, үлдээгүй ч УИХ-ын даргыг огцруулахын төлөө тэмцэнэ” гэж мэдэгдсэн юм. Түүний байр суурийг УИХ дахь МАН-ын бүлгийн залуу гишүүд болох Д.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар хүчтэй дэмжиж удаа дараа мэдэгдэл хийсэн. Тэр ч бүү хэл М.Энхболдыг огцрохоос нааш УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдэг бойкот ч гэмээр, шантааж ч гэмээр зүйл яриад байгаа.
Тэдний зорилгыг АН-аас “түр” хөөгдсөн Ж.Батзандан, сайн дураараа намаасаа гарахаа мэдэгдээд байгаа Л.Болд нар дэмжиж улстөрийн акц хийж эхэлсэн билээ. УИХ-ын даргыг огцруулахаас нааш Засгийн газрын асуудлыг ярьж болохгүй гэдэг үзэл бодол дээрээ хатуу зогсч, үүнээсээ болоод У.Хүрэлсүхийг хамгаалж үлдсэн хэргээр намаасаа улстөрийн шийтгэл амссан тэд нөгөө хоёр “найз”-ынхаа хамт өнөөдөр УИХ-ын даргыг огцрохыг дахин шаардаж чуулганы танхимын үүдэнд сандалтай суулт зохион байгуулж байна.
Д.Дорж