У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээд АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж уг саналыг дэмжих чиглэлийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн. Харин үүнийг АН-ын бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар дагаагүй бөгөөд Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсан юм. Үүнд уурссан АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа Үндсэн дүрмийн хороог өнөө өглөө яаралтай зарлан хуралдуулжээ. Улмаар Үндсэн дүрмийн хороо намын дүрмийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын улстөрийн эрхийг 4 жилээр хязгаарлах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, мань хоёр 4 жилийн хугацаанд АН-ын өмнөөс улстөрийн үйл ажиллагаанд оролцож, сонгуульд нэр дэвших, албан тушаалд томилогдох эрхгүй болсон гэсэн үг.
Ж.Батзандангийн хувьд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн байгуулж хэсэг бужигнуулаад, дараа нь Иргэний хөдөлгөөний нам гэгчийг үүсгэн байгуулж манаргасныг хүмүүс мэднэ. Харин 2008 оны 7 дугаар сарын 1-ний аймшигт хэрэг явдлын дараа нэлээдгүй хугацаанд хоригдож, эцэст нь АН-д элссэн билээ. Тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж “Манай намд Ж.Батзандан, О.Магнай нар шиг залуус хэрэгтэй” гэж дуртай нь аргагүй өөртөө татаж байсан юм. Хэл амтай, хэлэмгий доломгой, хурц ширүүн үгтэй, цочмог характертай хүн л дээ. Ямар ч байсан өөрийнхөө имижийг бүрүүлж чадсан. Үүнийхээ ачаар УИХ-д хоёрдахь удаагаа сонгогдоод байна.
Харин мань эр намынхаа шийдвэр, даргынхаа үгийг ягштал дагаж ирсэнгүй, асуудалд өөрийнхөөрөө хандаж байсан нь ийм үр дүнд хүргэхийн цондон байж. Одоо түүний хамгийн их шүүмжилдэг хүний нэг нь Ц.Элбэгдорж болоод байгаа. Олон нийтийн хувьд АН-ын энэ шийдвэрт гайхах хүн цөөнгүй байгаа юм. “АН чинь ийм хуучинсаг, диктатуртай, Сталинч нам байсан юм уу?” гэж асуух хүн ч байна. Гэхдээ Ж.Батзандан АН-ын цавчилтыг үг дуугүй хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Бас намайг үлдээгээч гэж гуйж гувшихгүй л болов уу. Ямар ч байсан тэр улстөрийн үхдэл болохыг хэзээ ч хүсэхгүй. Энэ утгаараа нэлээд эмоци гаргаж таарна. Юутай ч АН нэг дайсантай болчих шиг боллоо. Харин тэр дайсан нь хэр сүр хүчтэй, нөлөөтэй байхыг одоогоор хэлж мэдэхгүй.
Д.Лхагва