“Их цаазын төсөлд зааснаар Улсын Их Хурал 76 гишүүнээс бүрдэх юм. УИХ-ын нэг гишүүн нь 28 мянгаас 30 мянган хүний буюу 14 мянгаас 15 мянга орчим сонгогчийг төлөөлөхөөр байгаа нь дэлхийн улсуудын жишигтэй дүйж байна” хэмээн БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат “Монгол Улсын Их Цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, шинэ төслийн тухай” илтгэлдээ хэлсэн билээ. Ийнхүү 76 гэсэн тоог улсынхаа хүн ам, сонгогчдын тооноос хамааруулан тогтоосон юм.
Энэ үед хүн амын тоо 2.154.000, сонгуулийн насны хүний TOO 1.203.000 байсан (мянганаар нарийвчлав). Тэгвэл 30 жилийн дараа (мөн ойролцоогоор) хүн амын тоо 3.500.000, сонгуулийн насны хүний тоо 2.300.000 болжээ (2024). Иймд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу өнөөдөр УИХ-ын гишүүдийн тоог 120 болгох нь зүй ёсны болжээ (Ойролцоогоор 30.000 иргэнийг нэг гишүүн төлөөлөхөөр).
Ингэснээр УИХ-ын аливаа шийдвэр 61-ээс доошгүй гишүүд санал нийлснээр гарах бөгөөд Засгийн газрын гишүүдийн хувийн жин эрс багасаж “нэг гишүүний эрх мэдлийн хэмжээ” бараг хоёр дахин буурах болно. УИХ-ын иргэдийг төлөөлөх үнэлэмж нэмэгдэнэ. 76 “мууг” улам олон 120 “муугаар” өөрчлөх гэж байна гэх сэтгэл, сэтгэлгээгээ сонгогчид зөв сонгуулийн хэлбэр, журам, жигд төлөөлөл, өөрсдийн жинхэнэ чөлөөт сонгогчид байх чадамжаараа халж хаях хэрэгтэй.
Нэг мандаттай, олон мандаттай, мөн холимог хэлбэрээр явуулсан сонгуулиудын дүнд шинжилгээ хийхэд дараах дутагдал, шүүмжлэлт байдлууд илэрч байна.
1.Иргэдийн жигд төлөөлөл алдагдсан. Жишээ нь, 2016 оны сонгуулийн тойрог хуваарилалтаар Булган аймагт 39.490 сонгогчоос нэг гишүүн сонгож байхад Хэнтий аймгийн 15.640 сонгогчоос нэг гишүүн сонгож байгаа нь 2.6 дахин зөрүүтэй байгаа бол Улаанбаатар хотод 63-р тойрогт 41000 сонгогчоос нэг гишүүн сонгож байсан бол 68-р тойрогт 22.467 сонгогчоос буюу хоёр дахин цөөн сонгогчоос нэг гишүүн сонгогдсон байдаг.
2016 оны сонгуулийн үед сонгогчдын тоо 1.998.823 байсан нь нэг гишүүнд 26.300 сонгогч ногдож байсан ба тойргийн хуваарилалтаар -11.000-aac + 15.000-ын зөрүүтэй буюу хоорондоо нэг гишүүнд ногдох тоо 26000-ын зөрүүтэй байсан байна.
Улаанбаатар хотод хүн амын бараг хагас нь байхад (одоо цагт яг хагас нь) орон нутгаас 48 гишүүн Улаанбаатар хотоос 28 нь сонгогдож байсан нь шүүмжлэгдэхээс аргагүй биз ээ. УИХ бол нийт ард түмний төлөөллийн хууль тогтоох байгууллага болохоос биш Засаг захиргааны нэгжийн төлөөллүүдийн байгууллага биш, гишүүн нь нийт ард түмний элч төлөөлөгч учир УИХ-ын сонгох журам нь үүнд нийцэх учиртай гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. “Тойрогт уяатай гишүүн, гишүүнд уяатай тойрог” гэдэг яриа, түүний муу үр дагаврууд нь тод болсон.
2. Сонгогчдын өгсөн санал УИХ-ыг байгуулахад их хэмжээгээр хаягдаж УИХ нь нийт иргэдийн хүсэл зоригийн илэрхийлэл, итгэл хүлээсэн төлөөлөгчдийн байгууллага байх чанар суларсан. Энэ нь бидний сонгож авч байсан сонгуулийн хэлбэр журмын сул тал нь байсан. Дээрх үндэслэлүүд, дүгнэлтийг эш үндэс болгон Үндсэн хуулийн нэг өөрчлөлт болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “сонгогчид саналаа илэрхийлэх”, сонгуулийн дүн гарах”, “сонгуулийн тойрог зохион байгуулах зарчим” гэсэн гурван зүйлийн өөрчлөлтийн санал дэвшүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТ
Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн “далан зургаа” гэснийг “зуун хорь” гэж өөрчилсүгэй.
Хоёрдугаар зүйл. Дагаж мөрдөх хугацаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай
Нэгдүгээр зүйл. Энэхүү өөрчлөлт нь 2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогдсон УИХ-д хамаарахгүй.
Хоёрдугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Сонгуулийн журам зохион байгуулах зарчим
1.Улсын хэмжээнд нийт сонгуулийн 12 тойрог байгуулагдах ба үүний зургаа нь орон нутагт байгуулагдана.
2.Тойргийн сонгогчдын тоо нь адил тэнцүү байх зарчмаар тогтоогдоно.
3.Нэг тойрогт нэг намаас 10 хүртэлх нэр дэвшигчдээ сонгогчдоос дэмжих санал авхуулахаар жагсаалтаар гаргана.
Сонгуульд сонгогчид саналаа өгөх
1.Сонгогч бүр тухайн тойрогт дэмжлэгийн саналаа авахаар намаас болон бие даан нэр дэвшсэн 10-аас олонгүй хүнийг дэмжиж байгаа саналаа илэрхийлнэ.
2. Намуудаас аль нэг намыг дэмжсэн санал илэрхийлнэ.
Тойрогт сонгуулийн дүн гарах, дүнг Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлэх
1.Тойргийн хороо нэр дэвшигчдийн тухайн тойргоос авсан дэмжих саналын дарааллаар гаргасан А жагсаалт болон намуудын дэмжигдсэн саналын дарааллаар гаргасан в жагсаалтыг Сонгуулийн Ерөнхий хороонд гурав хоногийн дотор хүргүүлнэ. Сонгуулийн Ерөнхий хороо нь тойргийн хороодоос ирүүлсэн в жагсаалтуудыг нэгтгэн намуудыг улсын хэмжээнд авсан саналын хувийн дарааллаар жагсаалт гаргана. С жагсаалт дахь намуудын хувиудын нийлбэрийг 60-д хувааж нэг суудалд ногдох хувийг гаргана. С жагсаалт дахь намуудын хувийг энэ хувьд хуваан бүхэл хэсгийг нь тоогоор тухайн намд суудал олгох ба ингэхэд 60-аас үлдсэн суудлыг их үлдэгдлийн зарчмаар намуудад нэмж өгөн намуудад эцэслэн хуваарилагдсан тоог гаргана.
2.Тойргийн хороодоос ирсэн А жагсаалтуудаас эхний тав таван нэр дэвшигчдийн жагсаалтыг тойрог тойргоор нь бүлэглэн дараалалд оруулж 60 нэр дэвшигчийн Д1 жагсаалт гаргана. Тойрог бүрийн А жагсаалтаас үлдсэн нэр дэвшигчдийн жагсаалт дээр дараах ажиллагаа явуулж тухайн тойргийн хувь дахь А1 жагсаалт гаргана:
А.Уг жагсаалтаас 10 хувиас бага хувийн санал авсан болон бие даан нэр дэвшсэн мөн нам нь таван хувиас бага суудал авсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг хасна.
B.Үйлдсэн нэр дэвшигчдийн авсан саналын хувь дээр А-д хасагдсан нэр дэвшигчдийн хувиудын нийлбэрийг тэнцүү хуваан нэмж эрэмбэ тогтооно. Тойрог бүрд гаргасан А1 жагсаалтуудаасаа нам бүрийн хувьд А1 жагсаалтад орсон нэр дэвшигчдээ дээр гаргасан хувийн дарааллаар нь жагсааж, тухайн намд ногдсон суудлын тоогоор нь таслан, эдгээрийг нэгтгэн Д2 жагсаалт (60 нэр дэвшигч бүхий) гаргана. Хэрэв тухайн намд ногдсон суудлын тоонд А1 жагсаалтад орсон нэр дэвшигчид нь хүрэхгүй бол тухайн намын Д1 А-д ороогүй нэр дэвшигчдээс тойрогт авсан саналын хувь хамгийн ихтэйгээс нь суудлын тоог гүйцээн, эдгээр нэр дэвшигчдийг Д2 жагсаалтад оруулна.
3. Сонгуулийн Ерөнхий хороо нь Д1, Д2 жагсаалтад орсон нэр дэвшигчдийг УИХ- ын гишүүнээр сонгогдсонд тооцон УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно.
Санамж: Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй бол улсын хэмжээнд 10 нэр дэвшигчтэй 4, 9 нэр дэвшигчтэй дөрвөн тойргоор зохион байгуулагдаж Д1 жагсаалтад тойрог бүрээс 5 буюу нийт 40. Д2 жагсаалтад 36 нэр дэвшигч орж 76 гишүүн сонгогдоно. Улаанбаатар хотод 10-тай 2, 9-тэй хоёр тойрог. Орон нутагт 10-тай 2, 9-тэй хоёр тойрог байна.
10-тай тойрог 460.000
9-тэй тойрог 414.000 хүн амтай байхаар зохион байгуулагдана.
Жич: Д1, Д2 жагсаалт гаргахад 100-ны нарийвчлалтай гаргасан хувиуд нь тэнцсэн үед тойрог дээр дэмжлэг авсан сонгогчдын тоо илүүтэй нь дээр нь эрэмбэлэгдэх зарчим баримтална. Сонгогчдын тоо тэнцэх нь маш бага магадлалтай ба тасалгаан дээр ийм тохиолдол үүсвэл Сонгуулийн Ерөнхий хороо сугалаа явуулж шийдвэрлэнэ. Тойм тойрог дээр дахин санал хураалт явуулах зардал чирэгдэл ихтэй байх юм. Сонгуулийн журам нь Эхэнд хэлсэн шүүмжлэлт байдлыг засахаас гадна аливаа нам нэр дэвшигчдээ гаргаж, тойргуудад хуваарилах л мэдэлтэй болохоос биш, ногдсон суудалдаа хэнийг суулгахыг сонгогчид шийдэж байгаа юм. Мөн намд ногдсон суудалд сонгогчдын өгсөн саналын эрэмбээр сонгогдохдоо олон өрсөлдөгчтэй болон цөөн өрсөлдөгчтэй тойргуудад байдаг саналын хувийн ялгааг багасгах аргачлал хэрэглэсэн эрэмбийг зөв тодорхойлно гэж үзсэн билээ. Энгийнээр бол гурван хүн уралдаад гуравт opox, 10 хүн уралдаад 4-т орохын аль нь чансаатай вэ гэсэн үг л дээ.
БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч, УБХ-ын дарга, УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Раднаасүмбэрэлийн Гончигдорж