Баянзүрх дүүргийн нэгэн өрхийн эмнэлэг. Хүүхдээ тэвэрсэн хүмүүс, өндөр настнууд эмчид үзүүлэхээр дугаарлан сууцгаана. 70 гаруй насны өвөөтэй хэдэн үг солив.
–Сайхан өвөлжиж байна уу, та? Бие сайн уу?
-Өнтэй сайхан л өвөлжиж байна. Монгол хүн байна даа, ам нээнгүүт муу юм яриад яахав.
–Ханиад томуу гайгүй юу?
-Багачууд маань хүрээд авсан. Их муухай ханиад юмаа. Би оны өмнө туссан. Хэдэн хүүхдүүд минь асарч тойлсны хүчинд овоо л болчихлоо. Одоо даралтныхаа эмийг бичүүлэх санаатай л сууж байна даа.
–Өрхийн эмнэлэг хүн ихтэй байх юм. Удаан хүлээж суух танд төвөгтэй байгаа биз дээ?
-Ямар сайн байхав дээ. Оочер нь дийлдэхгүй юм. Хотын хүн амын тоо хэт их болчихжээ. Орон нутагтаа амьдарч, ажиллаад байж болдоггүй л юм байх даа. Санаачлаад, хөл гараа хөдөлгөөд, тархи толгойгоо ажиллуулаад байвал хаана ч амьдрал байгаа шүү дээ. За тэгээд хөгшин бидний үгийг ч сонсдог хүн ховор болж. Уг нь настай улсынхаа үгийг сонсож байвал өөрсдөд нь л хэрэгтэй дээ. Нэг л их том толгойтой, дураараа авирласан улс. Би 16 настайдаа Анагаах ухааны дунд сургуульд суралцахаар хөдөөнөөс хотод ирж байсан. Уг гарвал маань малчин айлын хүүхэд. Аав маань их цөлх ухаантай, алсын хараатай хүн байлаа. “Хөдөөний хөх өвгөний толгойд эрдэм байдаг юм. Настай хүний үгийг дандаа сонсож, авч байгаарай” гэж захьдаг байлаа. Одооны багачуудыг хараад байхад ер нь хүний үг сонсох дургүй юм. Яаж хүн болно доо. Эцэг, эх, багш нар нь олигтойхон үг хэлж, зааж сургамаар юм.
-Яг үнэн. Үнэтэй сургааль хайрласан танд баярлалаа. Таны амьдрал ямар байна вэ?
-Хэдэн хүүхэд маань хүмүүжилтэй, зөв хүмүүс болж өсцгөөлөө. Өндөр боловсролоос илүү хүмүүжил гэдэг айхтар үнэтэй эрдэнэ байдаг юм шүү. Хүүхдүүдийнхээ ачаар дутагдах юмгүй л амьдарч байна. Энэ хүнд хэцүү нийгэмд болж өгвөл хүүхдүүдийнхээ гарыг хармааргүй байх юм. Тэтгэвэрээрээ өөрийгөө болгох санаатай их тооцоотой амьдарч байна. /инээв/ Даанч эм, тарианы үнэ дэндүү өндөр болохоор хэцүү л байна. Өмнө нь эмийг 70 хувь хөнгөлдөг байсан бол одоо 30-хан хувь хөнгөлдөг болж. Хөөрхий, тэтгэврээрээ ам бүлээ тэжээдэг хөгшчүүд яаж болдог юм бол? Гуравхан төрлийн эм авахад 56000 төгрөг болж байна. Эмийн үнэ дээр төр засаг, Эрүүл мэндийн яам анхаармаар байна. Эмээ авч чадахгүйгээс хорвоог орхино гэдэг байж болшгүй асуудал шүү.
Өвгөн ингэж хэлээд эмчийн өрөө рүү орлоо. Өөр олон эмээ, өвөө эмээ бичүүлэхээр дугаарлаж үлдлээ.
П.Баяр