Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн, Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын, С.Чинзоригийг Эрүүл мэндийн, Х.Булгантуяаг боомт хариуцсан сайдаар тус тус томиллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт найдаж байна. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллах болно” гэдгийг онцолж хэллээ.