Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26) Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийн тухай
Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад иргэн, аж ахуйн нэгжээс ирдэг боловч казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгаа, эдгээрт ямар тоглоом хамаарах, үйл ажиллагаандаа ямар дүрэм, журмыг мөрдөх, юуг хориглох зэргийг тодорхойлсон хууль байхгүйн улмаас 2006 оноос хойш ийм төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй байна.
Харин цахим орчинд казиногийн тоглоом, спортын болон бусад төрлийн бооцоот тоглоом эрхэлдэг гадаадын хуулийн этгээдийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн амын дунд түгээмэл болсон байгаа нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байна.
Иймд казино, мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зэргийн хоорондын ялгааг тодорхой болгож, тусгай зөвшөөрөл олгох журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих хэм хэмжээ, биелүүлэх шаардлага, тавих хяналтын талаар хуулиар зохицуулж, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж хууль санаачлагч танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох асуудал нь тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тодорхой болсноор хуулиудын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахимаар казиногийн тоглоом болон бооцоот таавар эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагааг зохицуулах, хянах, татвар ногдуулах боломжтой болно гэж үзжээ.
Энэ хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцэх бөгөөд хуулийн төслийг Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон Казиногийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.
Казиногийн тухай хуулийн төслийн тухай
Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзсэн тул тус хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн зорилтод казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан.
Гэхдээ казиногийн тусгай зөвшөөрөл олгох нь мөрийтэй тоглоомыг зайнаас буюу цахимаар зохион байгуулах эрх олгохгүй бөгөөд нийгмийн дэг журмыг хамгаалах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглохоор тусгасан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр, хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Тухайлбал казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав.
Харин ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол энэхүү хугацааг 10 жилээр сунгахаар тусгалаа.
Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчиж, Зөвлөлөөс өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор тусгасан. Харин дотоод мэдээллийг ашиглан хожих, албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг ноцтой зөрчилд тооцохоор зааж дээрх зөрчлийг гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгалаа. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болж, Монгол Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбар болон түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна гэлээ.
Уг хуулийн төслийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.
Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийн тухай
Хууль санаачлагч танилцуулгадаа, Монгол үндэстний дэлхийд бахархах өв болох морин уралдааныг бооцоот уралдааны шинэ төрлийн спорт болгон хөгжүүлэх, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох хүрээнд хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасэн гэлээ.
Үүнд, бооцоот уралдааны үйл ажиллагааг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоож, бооцоот уралдааны үйл ажиллагааг нээлттэй, хариуцлагатай, ил тод байдлаар зохион байгуулах, оролцогчдод тэгш боломж олгох, бооцоот морин уралдааны оролцогч, уяач, унаачийн эрх ашгийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгасан.
Холбоо нь морин тойруулгын дүрэм, бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлалыг батлахаар тусгаж, мөн уяач морин тойруулгын гишүүнээр элссэнээр морин тойруулгын дүрмийн дагуу уралдаанд морио уралдуулах бөгөөд ингэснээр морины эзэн, уяачдад Үндэсний баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулж, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломж бий болно гэж үзлээ.
Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг морь унах, уралдуулах чадвар, дадлыг эзэмшсэн, 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглох зохицуулалтыг тусгалаа. Ингэснээр унаач хүүхдийн эрхийг хөндөхгүйгээс гадна морь мэддэг, унаж чаддаг хүмүүс шинээр ажлын байртай болох боломж бий болно гэж үзжээ.
Мөн өв соёл, түүхэн уламжлалаараа дамжуулан эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалын хэлбэрүүдийг хөгжүүлэх хүрээнд уралдаан зохион байгуулагч нь бооцоот морин уралдаан зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд тэр дундаа ашиг хонжоо олох зорилгоор казино, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглосон. Бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгох бөгөөд бооцоот морин уралдааны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 60 хувиар онцгой албан татвар ногдуулах тул давхардуулан аж ахуйн нэгжийн орлогы албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зарчмыг баримталсан болно. Мөн тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тусгасан. Холбооны төлсөн Онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахаар Ирээдүйн өв сан болон Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар бий болно гэж үзжээ:
– Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэх, мөн татварын орлогын зарим хэсгийг нийгэм, соёлын үйл ажиллагаанд зарцуулах;
– Морины эзэн, уяачид Үндэсний их баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулах, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломжтой болох тул хурдан морины уралдаанд уралдуулж чаддаггүй эрлийз адуугаа бооцоот морин уралдаанд уралдуулах боломжтой болно;
– Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байх тул хүүхдийн эрхийг зөрчсөн тухай асуудал яригдахгүй бөгөөд моринд гарамгай хүмүүс шинээр ажлын байртай болох боломжтой;
– Бооцоо тавьж оролцогч нь 18 насанд хүрсэн хүн байх буюу Монгол Улсын, эсхүл гадаадын иргэн байх боломжтой. Морин спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, морь шинжиж мэддэг хүмүүс бооцоо тавих зэргээр чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болно;
– Уралдаан үзэгч нь бүсийн болон улсын хурдан морины уралдаангүй цагт ч морин уралдааныг морин тойруулгад очиж, эсхүл өргөн нэвтрүүлгээр дамжуулан үзэж сонирхох боломжтой болох бөгөөд дотоодын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, гадаадын жуулчид зорьж очих газар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байна аж. Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.