Жуковын автобусны буудал дээр 70 гаруй насны өвгөн ойртож ирээд “Өвөөдөө 500 төгрөг өгөөч. Толгой эргээд байна. Даралтны эм авч уучихаад харих гэсэн юм” гэв. 500 төгрөг өгвөл цаашаа алхаснаа нэгэн эмэгтэйд дөхөж очоод нөгөөхөө хэлэв бололтой. Эмэгтэй ч цүнх рүүгээ гараа явуулав. Орчныг сайн ажиглавал ширвээ сахалтай, ширүүн харцтай биерхүү залуу өвгөнийг дагаж байгаа нь анзаарагдав. “Хүнээс мөнгө гуйгаад ч хамаагүй шар тайлах мөнгө ол гэж өвгөнийг зовоож байгаа юм биш байгаа” гэдэг бодол төрөв. Үнэхээр ч өвгөн хэд хэдэн хүн дээрээ очсоноо Эмийн сан руу биш ойролцоох дэлгүүр рүү зүглэлээ. Ширвээ сахалт ч араас нь дагалаа. Миний таамаг бараг л батлагдав бололтой. Иймэрхүү хүчирхийллийн золиос болж байгаа хөгшчүүд цөөнгүй байдаг нь үнэн болж таарлаа!
Түүнээс гадна хатуу хүргэн, бэрийн ширүүн харц, авир ааш дор хүнд байдалд өдөр хоногийг өнгөрөөж байгаа ахмад настнууд ч бий. “Би улс нийгэмдээ 40 гаруй жил ажилласан. Гавьяа шагнал ч их бий. Насны бөгсөнд орох оронгүй хэцүү байна. Охин маань нэг залуу дагуулаад ирснээс хойш амьдрал маань орвонгоороо эргэсэн. Тэр залуу архи ууна, зодоон цохион хийнэ. Ажил хийх нь ч ховор. Хийлээ ч уучихдаг. Тэр этгээдийг манайд ирснээс хойш би гэдэг хүн суух байх газраа олж чадахаа больсон. Нэг хэсэг алга боллоо. Тэр чигтээ явчихаасай гэж залбирсан ч нэг орой хүрээд ирсэн. Улмаар уур уцаар болж хэрүүл хийж эхэллээ. Охины ярьж байгаагаар өрөнд орчихсон гэнэ. Тэгээд л өдөр шөнөгүй байраа барьцаанд тавь. Тэгэхгүй бол би шоронд орлоо гэж охиныг минь зовоодог болов. Бид үнэхээр хэцүүхэн байдалд орлоо. Аргагүйн эрхэнд байраа нэлээд их мөнгөний барьцаанд тавьчихлаа. Үүний дараа нөгөө новш хамаг юмаа аваад яваад өгсөн дөө. Бид зээлээ төлж чадалгүй байраа хураалгах дээрээ тулаад байна” гэж 80 гарсан эмгэн арга тасран ярьж байна. Ийм жишээ олон бий. Тэтгэврийн хэдийг нь аваад уучихдаг арчаагүй үр хүүхэдтэй настнууд ч олон байна. Ахмад настнуудаа хүчирхийллээс хамгаалая!
Д.Лхагва