Сангийн сайд асан С.Баярцогт Дубайн гэрээг улс оронд хохиролтойгоор хийсэн хэрэгт яллагдаж шүүхээс 10 жилийн ял сонссон ч удалгүй 2021 оны 8 дугаар сарын сүүлээр суллагдсан юм. Удтал дуугүй байсан тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, өөрт нь холбогдох хэргийг Швейцарийн прокуророос цагаатгасан талаар мэдэгдэв. Улмаар гадаадын хуулийн байгууллагын шийдвэрийг Нийслэлийн прокурорын газарт хүлээлгэсэн өгч байгаагаа зарласан юм.
Энэ үеэрээ “Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хэд хэдэн хэрэг үүсгэж, намайг шалгаж байсан. Зөвхөн Монголд ч биш. Гэхдээ энэ хэргийг тодорхой улс төрчдийн оролцоотойгоор Швейцарийн Холбооны Улсад 2016 онд үүсгэсэн байсан. Улмаар 6 жилийн хугацаанд шалгасан. Швейцарийн Холбооны Улс ч Хонгконг, Монгол Улстай хамтарч шалгасан юм байна лээ. 2022 оны 6-р сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн Прокурорын Газраас надад үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Яг үүнтэй адилхан Швейцарийн Холбооны Улсаас үүсгэсэн байсан хэргийг ч хэрэгсэхгүй болсон гэсэн бичгийг Швейцарийн Холбооны Улсын прокуророос миний өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны 8-р сарын 24-нд ирүүлсэн. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар миний тухай мэдээлэл гарах болсон тул уг бичгийг Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлж байна. Швейцарийн Холбооны Улс өргөн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм байна лээ. Манайхан өөрийнхөндөө итгэдэггүй, янз бүрийн шийдвэр гарахад нөлөө орсон байх гэж хардаг. Швейцарийн Холбооны Улс, ХБНГУ, Хонгконгийн хуулийн байгууллагад шалгагдаж, гэм буруугүй гэж тооцогдсондоо баяртай байна. Энэ хугацаанд би 500 гаруй хоног шоронд суусан.
Өнгөрсөн 30 гаруй жил улс төрд зүтгэхдээ Үндсэн хуульт ёс, эдийн засаг, нийгмийн асуудлуудад анхаарч ирсэн. Гэхдээ бид нар бүтэн 1 салбар буюу хуулийн салбарыг төгс төгөлдөр, хууль засагладаг болгож чадаагүй байсан юм байна гэж ойлгосон. Иймээс цаашид улстөрийн үйл ажиллагааныхаа зорилтын хүрээнд хүний эрх, хууль засагладаг төрийн төлөө ажиллана. Ирэх хоёр жилд эдийн засаг маш их хүндэрнэ гэдгийг дэлхийн судлаачид хэлж байна. Хойд хөршид байдал маш хүнд байна. Ерөнхийдөө дэлхийн геополитикийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед бид юуны өмнө эвтэй байх ёстой. Мөн сахилга хариуцлагатай байх ёстой. Маш их хөдөлмөрлөж байж энэ хүндрэлийг давна. 2009 онд Монголчууд хэнээс ч асуухгүйгээр хамгийн хөрөнгө оруулалтын гэрээгээ хийх боломж гарсан. Яг одоо бидний хувьд маш том өөрчлөлтийн энэ үед богино хугацаанд эдийн засгаа сэргээх, дахин сэргэн мандах боломж байгаа шүү” хэмээгээд улстөр эргэн ирж байгаагаа мэдэгдэв.