Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хүмүүсийн нэрсийг зарлана гэж мэдэгдсэн.
Үүнд Улсын Ерөнхий Прокурор, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэх мэт төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэрс ч яригдана гэж хэлсэн нь олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн ёсоороо хэвлэлийн хурлаа зарласан ч прокурорын байгууллагын хүсэлтээр тэдгээр хүмүүсийн нэрсийг бүтнээр дурьдах боломжгүй болсон гэдгээ хэллээ.
Тэрээр хэлэхдээ “гэхдээ эдгээр хүмүүсийн албан тушаал, нэрний эхний үсэгнээс л та бүхэн бараг гадарлаж байгаа байх” гээд “эдгээр хүмүүсийн нэрсийг албан ёсоор зарлахыг хүссэн ч хэвлэлийн хурал эхлэхээс 30 минутын өмнө хүртэл надад прокуророос сануулсаар байсан тул энэ удаа зарласангүй” хэмээн тайлбарлав.
Хурлын үеэр эд хөрөнгөө дээрэмдүүлсэн гадны иргэд болон тэднийг дээрэмдсэн, зодсон, залилсан, мансууруулах бодис ашиглаж бусдыг хэрэгт гүтгэсэн этгээдүүд болон илэрхий хэргийг янз бүрийн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон, хэрэгт холбогдсон этгээдийн хилийн хоригийг цуцалж оргох боломж олгосон, авлигал авсан байж болзошгүй шүүгч, прокурор нарын нэр болон компаниудыг эхний үсгүүдээр нь танилцууллаа.
Сайдын ярианд олны анхааралд байсан Английн ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсоныг хохироогоод АНУ руу гарсан Д.Буянтогтох, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон гэх “Сүрүга Монгол” компаний захирал Хара Цүнэяки агсаныг хэлмэгдүүлж, эд хөрөнгийг дээрэмдсэн, А гэх компаний захирал Г болон Оросын холбооны улсын иргэн П, УЕП асан Д нарын гэх мэт хэргүүд дурьдагдлаа. Мөн нууцалсан дугаараас ХЗДХ сайд Х.Нямбаатарыг заналхийлсэн байна.
Эх сурвалж: sonin.mn