УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барьсан юм.
Уг албан бичигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах санал гаргаж байна. Үүнд:
Нэг. ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж зөрчин тэрбум тэрбумаар нь тараасан үйлдэл Монголын олон нийтийн зүй ёсны дургүйцлийг хүргэж байна. Засгийн газрын нэр бүхий гишүүд энэ бусармаг үйлдлийг зохион байгуулж, амин хувьдаа их хэмжээний ашиг олоод зогсохгүй, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ажлын албаны даргаараа дамжуулан энэ асуудалд хутгалдан оролцож, зарим аж ахуйн нэгжид шууд зээл олгуулсан байж магадгүй тухай мэдээлэл гарч байна.
Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ёс зүйн алдаа гаргасан, магадгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болох Засгийн газрын гишүүд болон төрийн бусад албан хаагчдад ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох тухай УИХ-ын гишүүдийн шаардлагад Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо болтол хариу өгөөгүй байна. Харин ч эсрэгээрээ, шаардлага тавьсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай ярьж, тэднийг гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрлээ.
Төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, нэн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнест хүртээхийн оронд төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс урьдчилан сэргийлж чадаагүй, Засгийн газрын гишүүддээ чиглэл даалгавар өгч удирдлагаар хангаагүй, ёс зүйн алдаа гаргасан, хууль зөрчсөн танхимын гишүүддээ хариуцлага тооцохгүй, тэднийгээ хаацайлан хамгаалж байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн Үндсэн хуулийн 41 дүгээр зүйл, “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж… Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” гэсэн Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Хоёр. Үндсэн хуульд захирагдаж, төрийн хуулийн хэрэгжилтийг нь хангах үүрэгтэй Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүй болсноо мэдэгдэж, гудамжны эмх замбараагүй жагсаал цуглаанд уриалсан уулзалт зохион байгуулж, Монгол төрийн тогтвортой байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулахад хүргэж болзошгүй хариуцлагагүй үйлдэл хийлээ.
Гурав. “Хотгор шанагын” лицензийг гадаадын компанид дамласан асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн мөнгийг төрсөн дүүгийнхээ компанид шилжүүлсэн хэргээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр албан тушаалтнуудад ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцохгүй байгаа нь нийгэмд шударга ёсны үнэлэмжийг алдагдуулж, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна.
Дөрөв. Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулах явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх саналыг Засгийн газарт удаа дараа тавьсаар байтал Засгийн газар энэ саналыг тусгалгүйгээр төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тухай хуулиар өргөн мэдүүлсэн төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх эрх УИХ-д байхгүй, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, салбар, аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээр задаргаа хийгдсэн төсөвт ийм хэмжээний өөрчлөлт оруулах боломжгүй байсан тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг УИХ баталсан. Төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьж, 2019 оныг Монгол Улс батлагдсан төсөвгүйгээр угтах аюул тулгараад байна. Үүний эцсийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой.
Тав. УИХ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, оффшорт нуун дарагдуулсан хөрөнгийг ил тод болгож, Монголд буцааж оруулах эрх зүйн орчныг бий болгосон хэдий ч Засгийн газраас энэ чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байна.
Зургаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрын зөвшөөрөл, шууд дэмжлэгтэйгээр гадаад гүрний тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой аюул учрууллаа. Туркийн албаны хүмүүс энэ үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөж явуулсан гэдгийг албан ёсоор удаа дараа мэдэгдсэн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн энэ бусармаг үйлдлийг зөвшөөрсөн, эсхүл урьдчилан сэргийлж, таслан зогсоож чадаагүй холбогдох төрийн албан хаагчдад хуулийн дагуу хатуу арга хэмжээ аваагүй, мөн Монгол төрийн албан хаагч ажлын байран дээрээ бусдад зодуулж амь насаа алдсан аймшигт хэргийн улс төрийн хариуцлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээх ёстой гэж үзэж байна.
Долоо. Өмнөх Засгийн газрын ажлын үр дүн, ОУВС-гаас олгож буй санхүүжилтийн ачаар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр сэргэж, өсөлттэй явна. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажилласан сүүлийн 1.4 жилд эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө саарч, шатахууны үнэ өсч, монгол төгрөгийн ам доллартай харьцах ханш огцом суларч, ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилтод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүргээ биелүүлж чадахгүй байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.