2002 он. УИХ-ын дарга С.Төмөр-Очирын баруун аймгуудад ажиллах томилолтыг сурвалжлах сэтгүүлчдийн багт миний бие орсон юм. УИХ-ын гишүүдээс гадна яам, агентлагийн холбогдох албаны хүмүүсээс ч дагалдан явсан. Тэдний дотор энгийн даруухан хувцасласан, төлөв түвшин нэгэн эмэгтэй байлаа.
-Сайн байна уу? Би “Монголын мэдээ” сонины сэтгүүлч байгаа юм. Таныг хэн гэдэг вэ? Хаана, ямар ажил хийдэг вэ? Нөгөө эгч инээвхийлэн харснаа “Намайг Баярт гэдэг. Эрүүл мэндийн яаманд ажилладаг. Чи аль нутгийнх вэ” гэж хариу асуув.”Говь-Алтай” гэж намайг хэлж дуусаагүй шахам байхад “Өө, нэг нутгийн хүмүүс байна шүү дээ” гээд аймгийн иргэдтэй хийх уулзалтын танхимын индэр дээр гарав. “Эрүүл мэндийн яамны газрын дарга эмэгтэй. Нэлээд зарчимч хүн дээ” гэж “ММ” агентлагийн сэтгүүлч найз хажуугаас хэлэв.
Томилолтоос ирснийхээ дараа Баярт эгчтэй Төрийн ордны зүүн хойд хаалган дээр тааралдлаа. “Ажил төрөл нь сайн уу? Хөдөө гадаа явж байна уу? гэж асуунгаа “Залуу хүн байна даа. Цаашид дахиад суралцаарай. Манай одоогийн зарим залуус цагийг арай дэндүү дэмий үрэх юм. Залуу насан дээрээ л сурч, мэдэж авахгүй бол цаг дахиад олдохгүй” гэх зэргээр их л элгэмсэг бөгөөд үнэтэй зөвлөгөөнүүд өгсөн санагддаг юм. Одоо бодоход цахим орчин, нано технологи, дижитал хөгжлийн эрин үе ирж явааг хэдэн жилийн өмнөөс харж мэдэрдсэн байж дээ гэж бодогдоно. Хамгийн гол нь эрдэм номын төлөө төрсөн бусдад чин сэтгэлээсээ ханддаг өгөөмөр хүн болохыг хожмоо ойлгож, хүндэлж явдаг болсон билээ. “Дунд сургуульд байхдаа шөнийн 03 цаг хүртэл лаа бариад хичээлээ давтаад суучихдаг тийм л идэвхтэй, хөдөлмөрч охин байсан” гэж нагац эгч Наст нь дүүгээ дурсч байна.
2022. 10.11. Шинийн 17-ны билэгт сайн өдөр. Алтай хот. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Говь-Алтай аймагт дахь салбар сургууль Говь-Алтай аймгийн анхны эмэгтэй академич (улсын хэмжээнд төрсөн 10 хүрэхгүй эмэгтэй академичийн нэг), анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч асан Баатарын Баяртын нэрэмжит болсныг албан ёсоор болсныг зарлаж, нээлтээ хийлээ. Уг арга хэмжээнд Б.Баярт агсаны хань, үр хүүхэд, мөн ах дүүс, найз нөхдийнх нь төлөөллөөс гадна Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн Говь-Алтай аймагт дахь салбарын захирал, аймгийн удирдлагуудаас оролцож Монголын нэгэн сод эмэгтэйн алдар, гавьяаг мөнхжүүллээ.
Д.Лхагвадорж