Олон Улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын ахмадын холбоо (MAXX)-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар aхмад настны өмнө тулгамдсан зарим асуудал, тухайлбал ахмадуудаас МАхХ-нд байнга тавьж буй тэтгэврийн зөрүүний тухай хөндсөн бөгөөд МАхХ-ноос УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх шаардлага” хүргүүлсэнийг тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар уншиж танилцууллаа. Тэрхүү шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТАНАА
Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг бүрэн шийдвэрлүүлэх тухай
“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулж тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”. Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан юм.
Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифын өсөлт, мөнгөний ханшны уналт, цалин хөлсний өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтайгаар олон жилийн өмнө тогтоогдсон тэтгэврийн хэмжээг адил албан тушаал, адил даатгагдсан хугацаа, адил цалин, хөдөлмөрийн хөлсний түвшинд хүргэж нэмэгдүүлэх асуудал 20 жилийн турш шийдвэрлэгдээгүй өдий хүрсэн билээ.
Засгийн газраас 2022 оны 2 дугаар сард тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөгт хүргэж, бүх төрлийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь олон арван ахмад настны талархалыг хүлээсэн арга хэмжээ болсон ч дийлэнх тэтгэвэр авагчдад тэгшитгэн 500.0 мянган төгрөг олгох болсон, өндөр тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсэн, анх тэтгэвэр тогтоосон дундаж цалинг итгэлцүүрээр өсгөж тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй зэргээс шалтгаалан тэтгэврийн зөрүү улам ихэссэнд ахмадууд шүүмжлэлттэй хандсаар байна.
Ахмад настнуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний амьжиргааны үндсэн эх үүсвэр болсон тэтгэврийг нь нэмэгдүүлж, амьдралын баталгааг бүрдүүлэх, төрийн иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийг шударга, адил тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангуулах зорилгоор Монголын ахмадын холбооноос дараахь шаардлагыг хүргүүлж байна.
1. Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг 2023 онд багтаан бүрэн дуусгаж шийдвэрлэх. Үүний тул 1990-2011 он хүртэлх хугацааны тэтгэвэр тогтоолгосон цалинг 2000 дахинаар нэмэгдүүлсэн итгэлцүүрээр өндөр насны тэтгэврийг өөрчлөн бодох тухай Засгийн газрын тогтоол гаргах
2. Тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2023 оны төсөвт тусгах.
МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ