Өдрийн 13 цагийн үед орцонд хүмүүс чанга чанга хашгиралдах сонсгогдлоо. Гэгээн цагаан өдөр юун хэрүүл зодоон болдог билээ гээд гарч харвал шатан дээр 11-12 дугаар ангийн бололтой 3 банди, нэг охин зогсч байна. “Та нар чинь яагаад нийтийн эзэмшил газарт хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ? Энэ чинь хүмүүс амьдардаг орчин. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?” гэвэл шатан дээр мордоод цахилгаан тамхины утаа олгойдуулсан биерхүү хөвгүүн “69 дүгээр сургууль ш дээ. Уучлаарай, одоо гарлаа” гэв. Гэвч тэд тэр даруй гарсангүй, хэсэг хугацааны дараа шил хагарах чимээ сонсогдов. Дахин гарч харвал шалаар нэг пивоны бутарсан шил харагдлаа. Тэд хичээлээ тараад архи, пиво аваад орц бараадсан нь тэр аж. Хүн шаардлага тавихаар зүгээр ч нэг гараад явсангүй шил хагалсан нь тэр. Орцны камер байгааг тоодог юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.
Өсвөр үеийнхэний дунд архи, тамхи, бүр мансууруулах бодисын хэрэглээ санаа зовоомоор түвшинд хүрсэн нь үнэхээр үнэн бололтой. Оршин суугчдын хэлж байгаагаар шөнийн 01 цагийн үед ч ахлах ангийн хөвгүүд, охид орцонд архи ууж, тамхи татаад сууж байдаг нь бараг л хэвийн үзэгдэл болсон гэнэ.
Тоглоомын талбай дээр очоод харцгаа. Төгсөх ангийн эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд жаахан хүүхдийн суух ёстой савлуурыг хайр найргүй эвдэн сүйтгэж байна. Энэ чинь хүн чанартай холбоотой асуудал шүү дээ! Жижиг сэдэв биш!
Орос-Украины дайн яах вэ, бидэнд Монголын ирээдүй гэрэл, гэгээтэй, хүчирхэг байх нь чухал байна! Эцэг, эх, багш нар хүүхдийнхээ хүмүүжил, ёс суртахууныг хөсөр хаясан байна. Эцэг, эхийн зөвлөл гэдэг сайн дурын бүтэц мөнгө татаж, шоу зохион байгуулахдаа сайн мөртөө хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд хэрэгтэй ядаж ганц арга хэмжээ зохиодог юм уу? Мэргэжлийн эмч авчираад сурагчдад гар утасны хор нөлөөний тухай, цагдаагийн албан хаагч уриад цахим орчны аюулын талаар яагаад лекц уншуулж болохгүй гэж? Монголын ирээдүй архины ааг, тамхины утаанд бүрэлзээд харагдахаа болих вий!
Д.Лхагва