2021 оны 3 дугаар сарын 28-нд болсон АН-ын даргыг сонгох цахим сонгуульд М.Тулгат ялалт байгуулсан билээ. Гэхдээ нөгөө талд нь цаасан санал хураалт болж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргаар тодорсон юм. Нэг нам мөртлөө хоёр тусдаа санал хураалт явуулсан нь тодорхой бус байдал үүсгэсэн учир Дээд шүүх энэ хоёр даргын хэнийг нь ч бүртгэж аваагүй. Энэ сиймхийг ашиглаж С.Эрдэнэ би АН-ын албан ёсны дарга хэмээн мэдэгдсээр, мэдэгдэл хийсээр яваа. М.Тулгатын хувьд С.Эрдэнэ /Ц.Элбэгдорж/-ийн талын хүн гэгдэж байсан ч ах нараасаа хөндийрч эхэлсэн байна. М.Тулгат өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би хэдийгээр “Эрдэнийн хүн” гэж хэлэгддэг ч, үнэндээ хэн нэгнийг дагаж биш, хууль ёсны намаа дагасаар ирсэн хүмүүс өдийг хүртэл хүлээцтэй явж ирсэн. Шинэ даргын сураг байдаггүй. Энэ их зөрчил маргаанд цэг тавих алхам бол ердөө л дараагийн даргыг тодруулах асуудал. Одоо цаг нь болоод бүр хэтэрчихлээ. Женко гэдэг мангас ярьсаар Эрдэнэ гэдэг нөхөр энэ намыг зайдалсаар, эргэн тойрныхон нь 24 он хүртэл Эрдэнэтэйгээ явна гэж хэлдэг болсон нь яах аргагүй МАН-ын хэсэг бүлэг нөхдийн захиалга гэж харагдаж байна. МАН дотор Монголын ардчиллын хувь заяанд санаа зовсон эрүүл зөв хэсэг ч бий. 21 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “олигтой нэр дэвшигч олдохгүй байна, Амаржаргал нь ийм тийм, Оюунгэрэл нь ийм тийм” гэх мэт ярьсаар өөрөө дэвшиж, АН-ыг гутамшигтай ялагдуулсан хүн шүү дээ, энэ Эрдэнэ гуай! Тэр жишээ давтагдах нь” мэдэгдсэн нь тус намд дахин шинэ хагарал үүссэнийг илтгэв бололтой.
Д.Дорж