Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хөрөнгө оруулалтын эрх зүйн байдлын талаар ярилцлаа.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд ямар гол зохицуулалт хийгдэж байгаа вэ?
-Дэлхийн 190 гаруй орноос манай улс ДНБ-ний эзлэх хувиар 134-р байрт байна. Манай улсын ДНБ 13, 14 тэрбум ам.доллар байна. АНУ хамгийн их буюу 29 их наяд ам.долларын ДНБ-тэй. Улс шиг улс байя гэвэл бид эдийн засгаа өөд нь татахаас өөр гарцгүй. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудал, хүний хөгжил зэрэг бүх л зүйл ДНБ-тэй холбоотой. ДНБ-ээ өсгөсөн, ДНБ-ээрээ тэргүүлж байгаа орнуудын туршлага нь ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татсантай холбоотой. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын жинг ганцхан компаний (Оюу толгойн төсөл) хөрөнгө оруулалт дарж явж байна. Манай улсад жил бүр оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээний дийлэнх хувийг нэг компани дангаараа бүрдүүлж байна. Бидэнд хөрөнгө оруулалт юу юунаас нэн чухал хэрэгтэй байна.
Манай улсын экспортын гурав хүрэхгүй хувийг аж үйлдвэрийн гарц эзэлж байна. Бид үүнийг өөрчилж бүх салбарт хөрөнгө оруулалт татах, таатай хөрс суурийг бэлдэхийн тулд өчигдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулга хийж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой улс орнуудын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Элчин сайд нарыг, МХАҮТ-ын төлөөллүүд оролцсон.
Ганцхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлээд хөрөнгө оруулалт таатай болчихгүй. Тиймээс бид гадны хөрөнгө оруулагчдад тоглоомын дүрмээ тодорхой болгож танилцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та орж ирвэл ингэж компани байгуулна, ингэж оршин суух эрхээ авна. Танд ийм татварын хөнгөлөлт үзүүлнэ, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар төртэй хамтарч ажиллах ийм шинэ боломжууд бий болж байна. Зарим салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд тарифын дэмжлэг танд үзүүлж болно зэргийг тодорхой болгомоор байгаа юм. Жишээлбэл, гадны хөрөнгө оруулагч манайд оршин суух визээ сунгахын тулд Эдийн засаг хөгжлийн яамнаас очиж нэг тодорхойлолт аваад эргээд Гадаадын иргэн, харьяатын газар очдог. Ингэж визээ сунгуулахад заримдаа авлига хүнд суртлын ханштай байдаг ч гэх яриа байдаг. Бид үүнийг байхгүй болгохыг зорьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж олон хууль хөндөгдөнө. Тухайлбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулиар хөрөнгө оруулагч визээ сунгуулахад олон газраар явах ёсгүй. Гадаадын иргэн, харьяатын газарт тухайн оршин суугчийн 13 оронтой дугаар үүсч байгаа. Тэр дугаараар нь тухайн хүнд цугларсан хувийн мэдээлэл дээр үндэслэж виз суулгалтыг нь хийх зэргээр дүрмийг тодорхой болгож байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар энэ зөвшөөрлийг авсан бол энэхүү хугацаанд дахиж ямар нэгэн зөвшөөрөл сунгахтай холбоотой харилцаа үүсэхгүй. Таны эрхийг хөндсөн тохиолдолд хууль сахиулагчид ингэж таны эрхийг хангана. Та Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ийм процессоор маш хурдан маргаанаа шийдүүлнэ гэх зэргээр.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх процессоо бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар өнөөдөр нэг хэрэг 3.6 жил үргэлжлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хохирсон хүн шүүхийн зардлаа төлөөд шүүхээр маргаанаа шийдүүлэхээр 3.6 жил явж байна. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гээд дахиад явна. Манай орчин цагийн эрх зүйн түүхэнд нэг хүн маргаанаа шийдүүлэх гэж 16 жил болсон кейс бий шүү дээ. Ийм процесстой байхад гадны хөрөнгө оруулагчид яаж итгэж орж ирж, эрхээ хэзээ хамгаалуулна гэж бодож хөрөнгө оруулалт хийх вэ. Тиймээс нэгдүгээрт, процессын хуулиа өөрчилмөөр байгаа юм.
Хоёрдугаарт, төлбөрийн чадваргүйдлийн хууль буюу Дампуурлын тухай хууль байна. ОУВС болон бусад манай улсын донор байгууллагууд Дампуурлын тухай хуулийг өөрчил гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байна. Танай Дампуурлын тухай хуулийн механизм нь буруу байна. Уг нь төлбөрийн чадваргүйдлийн хууль юм гэдэг. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүйдэлд орохоос урьдчилан сэргийлэх хууль болохоос манайх төгс дампууруулах чиглэлтэй болчихоод байгаа юм. Дахин хөрөнгөжүүлж болно, санхүүгийн түргэн тусламжуудыг үзүүлж дампуурлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг агуулгаар бичиж байгаа. Их хуралд өргөн барихаар төлөвлөж байна.
-Эдгээр хуулиудыг цогцоор нь шинэчилчихвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эрх зүйн орчинд ямар нэгэн асуудал үүсэхгүй нь гэж ойлголоо?
-Бидэнд хамгийн том тулгамдаж байгаа зүйл нь Иргэний хууль. Иргэний хуулийн одоогийн харилцаа нь хуулийн этгээдийн хооронд үүсч байгаа эдийн болон эдийн бус харилцааг зохицуулдаг ганц том хууль болчихоод байгаа юм. Дэлгүүрт ороод ундаа худалдаж авахад худалдан авах харилцаанд орж байна. Хөрөнгийн бирж дээр очоод хэдэн тэрбумаар үнэлэгдэх гэрээ хийсэн ч Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээнд хамаарч байна. Яг нэг форматтай. Маргаан шийдвэрлэх процесс нь яг ижил. Тиймээс Иргэний хуулийг төрөлжүүлж зохицуулъя гэж байгаа. Иргэн хоорондын иргэний эрх зүйн харилцааг Иргэний хуулиар, иргэн бизнестэй харилцаж байгаа харилцааг хэрэглэгчийн гэрээний хуулиар зохицуулъя. Бизнесийн хооронд үүсч байгаа харилцааг Арилжааны хуулиар зохицуулъя гэдэг агуулгаар энэхүү хуулиа бэлдэж байна. Жишээлбэл, бид өдөр тутамдаа том бизнестэй харилцаанд ордог болчихлоо. Барьж байгаа утас, гэртээ хэрэглэж байгаа гурвалсан үйлчилгээ, банкны картаар үйлчлүүлж байгаа систем зэрэг нь иргэн бизнес хоорондын харилцаа болж байна. Энэ бол нэг тогтсон хэрэглэгчийн гэрээний загвараар явах ёстой. Тэгж байж том бизнесээс иргэнийг хамгаалах, иргэнээ хохироохгүй байх зохицуулалт үүснэ гэж үзэж байна. Том үнийн дүнтэй хэдэн их наядаар тоологдох худалдах, худалдан авах харилцаа Арилжааны хуулиар зохицуулагдаж, иргэд хоорондын өв залгамжлал, гэрээслэлтэй холбоотой иргэний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа Иргэний хуулиар явъя. Тэгэхгүй бол сүүлийн үед үндэсний эрх зүйг, гадны эрх зүйгээр орлуулах эвгүй хандлага их ажиглагдаж байна. Манай томоохон бизнесмэнүүд Сингапурт очоод Сингапурын хуулиар гэрээ хийгээд тэндээ маргаанаа шийдвэрлүүлдэг болчихоод байна. Өөрөөр хэлбэл, манай дотоодын эрх зүй орлуулагдаж байна гэсэн ойлголт гарч ирээд байна. Тиймээс үүнийг өөрчлөхөөр төлөвлөөд явж байна. Ер нь иргэний эрх зүйн шинэчлэл сүүлийн 20 жил яригдаагүй. Бид хийхдээ алдаа гарсан гэж үздэг. Юу гэвэл, Иргэний хуулиа 2002 онд баталчихаад Иргэний хуулийн салбар институтүүд буюу дампуурлын харилцаа, газрын харилцаа, гэр бүлийн, хөдөлмөрийн харилцаануудын хуулиуд салбарлаж батлагдах ёстой хуулиасаа өмнө батлагдсан. Жишээлбэл, Гэр бүлийн хууль, Хөдөлмөрийн хууль 1998 онд батлагдсан. Газрын хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 1997 онд, Дампуурлын хууль 1993 онд батлагдсан. Иргэний хуулийнхаа үндсэн агуулга зарчимдаа нийцүүлж байж бусад салбар хуулиудаа хийх ёстой байсан. Одоо засах гээд явж байна. Тухайлбал, УИХ-д Газрын тухай хуулийг өргөн барихаар төлөвлөөд байна. Иргэний хуульд газар эзэмших эрх, ашиглах эрх, захиран зарцуулах эрх гэдгийг тодорхойлсноос өөр агуулгаар Газрын хууль батлагдсан. Тиймээс хувийн эрх зүйн шинэчлэл буюу Иргэний эрх зүйгээ салбарын шинэчлэлтэй хамт бүхий л бизнес эрх зүйн орчинг таатай болгох, тоглоомын дүрмээ ойлгомжтой болгомоор байгаа юм. Мөн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг хуулийн механизмыг бүрэн байхгүй болгох хэрэгтэй.
Ерөнхий прокурор, тагнуулын даргаар ажиллаж байсан хүмүүс гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж гаргаад хар тамга дараад дахиж оруулж ирдэггүй сонгодог жишээ өмнө нь байсан. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Монгол Улсын нэр хүнд гэдэг зүйл юу юунаас чухал. Аливаа улсын нэр хүндээс шалтгаалж эрх зүйн орчин, тогтолцооноос шалтгаалж гадны хөрөнгө оруулалт аяндаа орж ирдэг. Ямар салбар руу солонгорох вэ гэвэл тухайн үеийн эдийн засгийн нэгдсэн үзүүлэлтүүд, праметраас ихээхэн шалтгаална. Мэдээж хэрэг гадны хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд сонирхдог салбар бол манайд уул уурхай. Хөдөө аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, эрчим хүчний зэрэг олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчин бий болгох хэрэгтэй. Дахин хэлэхэд, Афкан зэрэг атманууд манайхаас том эдийн засагтай байгаа. Бид 134-т байна гэдэг маш инээдтэй. Тиймээс бид хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг таатай болгож, улс төрийн огцом шийдэл гаргахгүй байж, гадаадын ч тэр, дотоодын ч тэр хөрөнгө оруулагчдыг улс төрийн шийдвэрээр асуудлыг нь боомилдоггүй болгож байж, сошиалд захирагдаж хөрөнгө оруулагчдыг хөөж туудаггүй болж байж цааш хөгжинө.
-Гадаадын хөрөнгө оруулагчдад татварын ямар таатай орчин бий болгохоор энэ хуульд тусгагдаж байгаа бол?
-Тэдэн жил ийм салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд татварыг тэдэн хувь хөнгөлнө гэсэн уламжлалт мотивацийг энэ хуульд шингээж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулагчтай гэрээ хийх ажлын хэсгийг би ахалдаг. Эргээд харахад манай татварын орчин, татвар бодох аргачлал, гадны компаниудын татвар тайлагнадаг, боддог аргачлал хооронд зөрүү байна. Жишээлбэл, зэсийн баяжмалд татвар ногдуулдаг аргачлалыг нутагшуулах шаардлага байна. Бүхнийг гадныхны буруу гэж болохгүй байна. Жишээлбэл, зэсийн баяжмал дотор агуулагдаж байгаа хар тугалганаас АМНАТ бодно гээд бид акт тавьчихаж байгаа юм. Гэтэл гадны орнууд яг ийм тохиолдолд хар тугалга зайлуулж өгсний төлөө татвар авдаггүй, бараг дэмжлэг үзүүлдэг шахуу юм байна. Тиймээс бид татвар авах, бодох аргачлал дээрээ дэлхийн стандартууд руу очих шаардлага байна. Татвар тайлагнагч, татвар хүлээж авч байгаа татварын алба хоорондын ойлголтын зөрүүнүүдийг арилгах шаардлага байна.
-Гадны хөрөнгө оруулагчдад виз олголттой холбоотой ямар таатай нөхцөлийг бий болгож байгаа вэ?
-Виз олголт дээр нэг дэвшил гарсан нь Е-визийг нэвтрүүлж эхэлсэн. Хоёрдугаарт, зарим улс орнуудыг визгүй зорчих жагсаалтад оруулсан. Энэ жил БНСУ-ын иргэдийг 30 хоногийн хугацаатай манай улсад зорьчих эрхийг визгүй болгосон. Харилцан адил байх зарчмынхаа хүрээнд ирэх аравдугаар сард би БНСУ руу албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд айлын талд Монгол Улсын иргэдийг харилцан визгүй болгох шаардлагуудаа тавина. Гуравдугаарт, хил орчмын аялал жуулчлалын хүрээнд гадны иргэдийг Монгол Улсад орж ирэхэд 72 цаг визгүй зорчих эрхийг нээж өгч байгаа.
Гадны хөрөнгө оруулагчид Е-виз мэдүүлээд орж ирээд цаашид хөрөнгө оруулалт хийгдэж урт хугацаанд оршин суух болсон тохиолдолд оршин суух визийг нь хялбаршуулж дардаг болъё гэж байгаа. Гэхдээ гадны хөрөнгө оруулагч нэрийн дор хөрөнгө оруулагч биш хууль бусаар ажиллаж байгаа хүмүүс тэр визээр урт хугацаанд оршин суух оролдлого гарч байна. Би сайд болсноосоо хойш үүнтэй нэлээн тэмцэл хийж байгаа. Тухайлбал, Вьетнам засварын засварчин хөрөнгө оруулагч ангиллаар визээ сунгаж ирсэн. Угтаа тэр иргэн хөдөлмөр эрхэлж байгаа учраас татвараа төлөөд хөдөлмөр эрхлэх ёстой. Хөдөлмөр эрхлэх визний ангилал нь өөр, хөрөнгө оруулагчийнх өөр. Ийм зүйл хийж ирсэн булхай луйвар байна. Нэлээн цэвэрлэсэн.
-Манай Улсын гадны хөрөнгө оруулагчдын нэг болох Борис Жонсоны дүү Макс Жонсонтой уулзсан талаар та ярьсан. Түүний хэрэг хэрхэж байгаа бол?
-Би өнгөрсөн долоо хоногт гэхэд Английн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой амралтын өдрүүдэд уулзаж таныг хохироосон хэргийн талаар мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж байгаа. Шаардлагатай гэж үзвэл хэргийг тусгаарлаж байгаад шийдвэрлэхээр ажиллаж байна. Шийдмэгц таны эд зүйлийг эргүүлж өгнө гээд нэлээн дэлгэрэнгүй ярилцсан. Энэ нь тэр хүнд их таатай сэтгэгдэл төрүүлж байна лээ. Урьд нь хохирсон хүмүүстэй биечилж уулздаггүй байсан юм байна. Англи бол ФАТФ-т ч тэр, олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөтэй улс. Бид их зөв байх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдаас гадна гадны иргэдийн холбогдсон хэргүүд манайд нэлээн байгаа. Тэдгээрийг аль болох хурдан шийдэх эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх, эрүүл мэндэд нь анхаарах зэрэг олон ажлууд цогцоороо явагдаж байна.
-Оюу толгойн далд уурхайн тэсэлгээ хэзээ тогтвортой хийгдэж, монголчууд хэзээ үр өгөөжийг нь хүртэхээр байна вэ?
-Ерөнхий сайд өнгөрөгч дөрөвдүгээр сард очиж улаар огтлох аргаар далд уурхайн олборлолтыг эхлүүлэх анхны тэсэлгээн дээр кноп дарсан. Элсэн цагийн зарчмаар хүндийн жин нь дарагдаж юүлүүрүүд рүү гоожиж ирнэ. Юүлүүрүүд нь дүүрэхээр хажуу талын канверууд рүү хүдрийн биетээ асгасны дараа бутлуурын цэг рүү аваачаад газар дээр гаргаж ирэх дараалалтай ажиллах юм билээ. Ямартаа ч тэсэлгээ хийгдсэн. Одоо төлөвлөсөн хугацаанаас тодорхой хугацааны өмнө зарим юүлүүрүүд дүүрч эхэлж байна гэсэн сайн мэдээ байна. Ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд тогтвортой олборлолтод тооцогдоно. Ажил хийгдэж байна. Ирэх оны төсөв дээр Оюу толгойгоос орж ирэх татварын төсөөлөл нэмэгдэх байх.
Р.Хишигжаргал. Өдрийн сонин.