“Coal Mongolia-2022” арга хэмжээн дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлсэн үгэндээ “УУХҮЯ-аас дөрвөн бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Зөвшөөрөл өгсөн бол энэ миний асуудал биш гэж буруу харахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Салбарын үйл ажиллагааг хааж, доголдуулсан асуудлыг гаргахгүйн төлөө салбарын сайдын хувьд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах болно. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөөний чадварыг дэмжих асуудал өмнө тулгарч байгаа. Төр бодлого гаргаж, бусдаар ажил хийлгэх чадварыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байна” хэмээн онцоллоо. Өөрөөр хэлбэл, уул уурхайн олборлолтыг хариуцлагатайгаар явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг салбарын яамнаас дэмжиж, ямар нэгэн шахалт дарамт үзүүлэхгүй гэсэн үг. Хариуцлагатай уул уурхайн хамгийн чухал шалгуур нь нөхөн сэргээлт. Үүнд харин яамнаас хяналт шалгалт хийж, шаардлагаа тавих нь тодорхой.
Уул уурхайгүйгээр манай улсын эдийн засаг урагшаа явахгүй. Монголын эдийн засаг 80 хувь уул уурхайгаас хамааралтай. Тэгэхээр ёстой л хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хөгжүүлэхээс өөр арга зам одоохондоо алга. Ингэхдээ хөрөнгө оруулагчдад таатай хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байгаа нь нууц биш. Геологийн хайгуул, судалгааны ажил хийхээр очихдоо л орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн анхны бэрхшээл. Лиценз зөвшөөрөлтэй хэр нь орон нутгийн иргэдээс болоод ажлаа хийж чаддаггүй. Тухайн аймаг, сумын Иргэдийн хурал, Засаг даргаас зөвшөөрөл авах давхар ачааг хуулиараа үүрүүлчихсэн учраас эхлээд тэдний арга эвийг олохоос өөр арга байдаггүй талаар олон аж ахуйн нэгжийн удирдлагууд халаглан ярьдаг. Үүнээс болоод авлигын асуудал босч ирдэг биз ээ. Цалинтай “тэмцэгчид” хүртэл уул уурхай руу дайрдаг болсон нь бодит үнэн.
Ерөнхий сайд асан С.Баяр Оюун толгойн ачаар цалингаа тавьж байгаа гэсэн утгатай үг хэлсэн нь оргүй хоосон үг биш л болов уу. Дэлхийн эдийн засгийн их хямрал хаалга тогшиж байгаа ийм хүнд үед уул уурхайгаа хөдөлгөх ёстой. Харин орж ирсэн мөнгөө дэмий цацах биш өөр секторуудаа хөгжүүлэхэд зарцуулая!
Д.Лхагва