Хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлах бодлогыг зөв оновчтой тодорхойлохгүйгээр Монгол Улс урагшаа явахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Хүн амынх нь талаас илүү нь нийслэлдээ бөөгнөрчихөөр том том асуудлууд шил шилээ даран гарч ирээд байх нь хэнд ч ойлгомжтой. Өдрөөс өдөрт л нэг “өвчин” нэмэгдээд байгаа нь нууц биш. Сүүлийн 30-аад жилд хот руу цуварсан их нүүдлийг зогсоох чиглэлээр үе үеийн УИХ, Засгийн газар оновчтой ажил хийж чадаагүйг өнөөдрийн Улаанбаатарын дүр зураг бэлхнээ илтгэж байна. Өнөөх л түгжрэл, өнөөх л утаа, өнөөх л эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжээ ярьсаар…Өнөөх л үерийн далан, хог шороотойгоо ноцолдсоор…Өдөр хоног өнгөрсөөр…
Автобуснууд шил шилээ даран ирж байгаа ч хүмүүс багтаж шингэж өгөхгүй байгаа дүр зураг хаа сайгүй. Жуковын буудлаас баруун чиглэлд төв замын автобуснууд худалч хүнд минут минутын зайтай ирсэн ч зорчигчид хаалгаараа гоожих шахна. Энэ чинь л хотын хүн амын даац хэтэрсний хангалттай нотолгоо шүү дээ! Улаанбаатар маань хүнээ багтааж шингээж дийлэхгүй байна. Даац нь хэтэрсэн хот, даац нь хэтэрсэн зам, даац нь хэтэрсэн нийтийн тээврээс амьдралын зовлон үүсч байна…Хэзээ шийдэгдэх вэ?!
Д.Дорж