С.Эрдэнэ, Х.Баттулга нараас болоод АН хүнд байдлаасаа гарч чадахгүй байгаа талаар М.Тулгат сэтгүүлчид өгсөн ярилцлагдаа онцолжээ. Тэрбээр 2021 оны 3 дугаар сарын 28-нд болсон АН-ын даргыг сонгох цахим сонгуульд ялалт байгуулсан гэгдсэн ч одоо хэр намынхаа даргаар баталгаажаагүй байгаа юм. Тэрбээр “Энэ намар шийдэгдэхгүй бол цаашид ганц намын асуудал биш, Монголын асуудал хүндэрчих гээд байна. Тиймээс АН-ын тэр энэ гэхгүй бүгд нийлж, цуглаж зөвшилцөх, ярилцах хэрэгтэй. Намын дарга гэж өөрсдийгөө цоллоод байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр хэн хэн нь хууль шүүхийн асуудалтай, хэрэг нь прокурор дээр “боогоостой”, үнэн худал нь мэдэгдэхгүй гэмт хэргүүд яригдаастай яваа. Энэ байдал ард түмэнд АН-ыг муухай харагдуулаад байна. Тиймээс шүүхийн байгууллага ажлаа хий. Гэм буруутай юм бол зохих ял шийтгэлийг нь өгөөд явуул, үгүй юм бол цагаатга. Энэ хоёр хүн бие биедээ ашигтай болчихоод байна. С.Эрдэнэ нь “би энэ намыг Женкогоос хамгаалж байна” гэж хэлдэг үгтэй, нөгөөгийн хувьд болохоор С.Эрдэнэ зууралдаад байгаа учраас энэ талыг муухай харагдуулж, гишүүдийг очих газаргүй болгож байна. Ийм байдлаар хэн хэнийгээ амилуулаад байна. Ямартай ч энэ намар нэлээд бужигнах байх. Шийдэл гарна гэж бодож байна’ хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.