Нийтийн тээвэр нийслэлчүүдийн хөлийг залгуулдаг чухал унаа. Олон улсын жишгээс харвал цаашдаа ч нийтийн тээврийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа. Гэхдээ хурд хэтрүүлдэг, гэрлэн дохио зөрчдөг, эгнээ байраа буруу эзэлдэг, бэлэн мөнгө авдаг, тамхи татдаг, цонхоороо нус цэр, хогоо хаядаг, хөгжим чарлуулдаг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, эрхэнд нь халддаг, буудлын карма руу шахаж зогсдоггүй, хүмүүс бууж сууж амжаагүй байхад хөдөлдөг гээд автобусны жолооч нарын цэвэр буруутай үйлдлээс болж олон хүн хохирч байна.
Удахгүй анхын цас орно. Хүүхдүүдийн суух дуртай болсон давхар автобуснууд хурдаа нэмээд, эвгүйхэн дарвал амархан тэнцвэрээ алдах магадлалтай. Ялангуяа хальтиргаатай өдрүүдэд. Жолооч нараа л сайн сонгон шалгаруулж авах хэрэгтэй дээ! Нийтийн тээврийн жолооч нар бусдын амь насыг хариуцаж яваагаа нэг хором ч мартах учиргүй!
С.Баярмаа