Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг эрх баригчид шуурхай шийдвэрлэлээ. Гэхдээ огцорсон сайд нарыг хоосон үлдээсэнгүй тэр дор нь өөр албан тушаалд томилов. Тохироо нь урьдчилан хийгдсэн болохоор асуудал бараг л гэрлийн хурдаар шийдэгдэж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ё.Ендонг огцруулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханыг Х.Болорчулуунаар сольсон ч Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагчаар тохоон томилов. Харин Дарханы замын асуудлаар байнга зэм хүртэж байдаг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг чөлөөлсөн ч тус яамны дэд сайдаар, Н.Тавинбэхийг сайдаас нь “хуссан” ч тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяаг хоосон үлдээсэнгүй Ерөнхий сайдын ахлах зөвлөх болгожээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудал “бэлэглэсэн” байна.
С.Болд