УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг батламжилсаныг уншиж танилцуулсан. Гэхдээ энэ шийдвэр С.Эрдэнийн /Ц.Элбэгдорж/-ийн АН-д таалагдсангүй. Бас л нэг хэрүүлийн сэдэв болчихлоо. О.Цогтгэрэл “АН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихээхэн үл ойлголцолтой байлаа. Хаврын чуулганы төгсгөл дээр аливаа намын бүлгийн удирдлагыг хэрхэн өөрчилж, шинээр томилох тухай зохицуулалтыг УИХ-ын хуульд тодорхой зааж оруулсан. Ингэснээр шинэчилсэн зохион байгуулалтаа хийх боломж бүрдсэн. Энэ хүрээнд шинэ бүлгийн даргаа сонгож, УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн чуулганд уншиж танилцуулснаар баталгаажуулсан. Ардчилсан Нам өнөөдөр анхны бүлгийн хурлаа хийлээ” хэмээн мэдэгдсэн бол нөгөө талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр огт өөр байр суурь илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, АН дотроо учраа олоогүй бөгөөд О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар батламжилсан нь хууль бус хэмээн мэдэгдэв.
О.Цогтгэрэл бол Х.Баттулгын талаас АН-ын даргад нэр дэвшин ялалт байгуулж байсан хүн. Харин С.Эрдэнэ, Ц.Элбэгдоржийн талынхан тусдаа сонгууль явуулж, М.Тулгат олонхийн санал авч байлаа. Саяхан Х.Батулгын талынхан дангаараа хуралдаж, баахан дэд дарга томилсон. Үүнээс үзвэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хооронд огт яриа хэлцэл болоогүй бөгөөд АН нэгдэх өнгө аяс нэг л харагдаж өгөхгүй байна. Хэдийгээр О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-д хэт олонхийн эсрэг явж ирсэн. Цаашдаа Ардчилсан намын бүлгийн 11 гишүүн өнгөрсөн хугацааны алдаа дутагдлыг засч, нээлттэй ойлголцож, ардчилал хүний эрхээ хамгаалж, хүчтэй байр суурь илэрхийлэх болно. Бүлгийн гишүүд аль нэг талыг барьж туйлшрахгүйгээс урьдаар эв нэгдлийг эрхэмлэж, төвийг сахисан бодлого барьж ажиллах гишүүдийн тоо олширч байна. Туйлширсан байр суурьтай ганц нэгхэн гишүүн байна. Энэ нь Ардчилсан намын эв нэгдэлд томоохон дэм болох байх’ гэж ярьж байгаа ч нөгөө тал нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас АН УИХ дахь бүлэг дотроо ч хагарах шинжтэй.
Д.Лхагва