МАН-ын дотоод тэмцэл хурцдаж байна. Үүнд жирийн гишүүд дэмжигчид нь буруугүй. Лидерүүдийн, бүлэглэл хоорондын эрх ашгийн зөрчлөөс ийм нөхцөл байдал үүсээд байна. Товчхондоо М.Энхболд, У.Хүрэлсүх нарын дайсагналцал хурцадмал байдалд хүргэсэн нь тодорхой боллоо. Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг одоогоор тогтоож, дүгнэхэд эрт байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга С.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг авч хэлэлцээд Д.Хаянхярваа, С.Батболд хоёрыг огцруулахаар болж, УИХ-ын даргын асуудлыг намын бүлгээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Д.Хаянхярваа гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг сөргүүлэн тавьж гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 36 гишүүн гарын үсгээ зурсан юм байх.
У.Хүрэлсүхийн талынхан УИХ-ын даргыг огцруулна гэхээр нөгөө фракцийнхан нь Засгийн газрыг унагахаар хөдөлж байх жишээтэй. Хэрвээ Засгийн газрыг огцруулбал У.Хүрэлсүх тэргүүтэн зүгээр ч нэг буугаад өгөхгүй нь мэдээж. УИХ-ыг тараана л гэж үзнэ. МАН-ын талцал хуваагдал юунд хүргэж, М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын дунд үүссэн цусгүй дайны ялагчаар хэн нь тодрох нь одоогоор бүрхэг байна. Лав л МАН хоёр хуваагдах нь эхний асуудал.
Д.Лхагвадорж