Ажлын газрын залуу “Өчигдөр 20.30 цагийн үед 10 дугаар хорооллын автобусны буудал дээр очлоо. Хамгийн харамсалтай нь баахан жижиг тэрэг буудлыг эзлээд зогсчихож. Бүр улсын дугааргүй ч машин байна гээд боддоо. Нөгөө автобуснууд нь карманаасаа өчнөөн зайтай зогсох юм. Иргэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Түүний мөрөөр Тээврийн цагдаа нар шуурхай ирж, арга хэмжээ авахгүй бол энэ дүрэмгүй жолооч нар арай л даварчихжээ” гэж бухимдан ярив.
Үнэндээ ч автобусны буудал бол зориулалтын тээврийн хэрэгсэлд л хамаатай орчин. Гэтэл дураараа, бүдүүлэг халтуурчид аль хэдийнэ орон зайг нь түрэмгийлэн эзэлжээ. Үүнээс гарах эрсдэл маш аюултай. Том оврын автобус уг нь карма руугаа шахаж зогсоод хүнээ авах ёстой. Тэгж чадахгүй байгаагаас олон хүн, хүүхэд багачууд машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох магадлал маш өндөр байна. Үүнд төрийн холбогдох байгууллагууд маш яаралтай анхаарлаа хандуулж, хатуу арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ!
“Зогсоол байхгүй юм чинь автобусны буудал дээр зогсохгүй яах юм” гэж өнөөх том толгойтой “орк” халтуурчид хээв нэг тайлбарлахыг сонсоогүй хүн ховор. Автобусны буудал тэдний машинаа тавьдаг, зогсдог орчин биш гэдгийг ойлгохгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Удахгүй хичээл, сургууль эхэлнэ. Эцэг, эх нь үр хүүхдээ сэтгэл амар сургуульд нь явуулах боломж үнэндээ алга! Бүдүүлгүүдтэй олон нийтийн эрх ашгийн үүднээс ойлгогдох хэлээр нь ярих цаг болж! Уг нь эрхийг нь олон сар жилээр хасна л гээд байгаа биз дээ?
Х.Уянга