Залуучууд нэг хэсэг төрийн алба руу ухаангүй зүтгэдэг байсан. Одоо ч энэхүү хандлага хэвээр байх шиг байна. “Бүгдээрээ дээд боловсролын диплом өвөртөлж төрийн алба хашина гэдэг ганцхан туйлын хүсэл зорилготой болчихвол хүнд, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт хэн ажиллах болж байна вэ?!” гэдэг асуулт урган гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улс нэгэнт л зах зээлийн эдийн засгийг сонгоод 30 гаруй жил болсон юм бол хувийн сектороо хөгжүүлэх ёстой. Аж ахуйн нэгжүүдийн тоо олширч, үйл ажиллагааных нь цар хүрээ тэлэх тусам ажлын байр нэмэгдэнэ, иргэдийн орлого өснө. Дагаад улсын эдийн засаг дээшилнэ. Эдийн засаг сайжрах нь улс орон урагшаа алхана гэсэн үг. Гэхдээ төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулан ажиллаж байгааг Шадар сайд С.Амарсайхан сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Шадар сайд “Ер нь цаашид Засгийн газраас хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээ бүх талаар дэмжих бодлого барьж байна. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр ашигтай ажиллахад нь төрийн зүгээс дэмжиж ажиллана. Энэ нь улс орны эдийн засгийн дархлаа болно гэж үзэж байна. Ялангуяа давхар татварын тогтолцоо байх ёсгүй. Энэ нь аж ахуй нэгжид гол дарамт болж байгаа нь үнэн. Хөл дээрээ босох, татвар хураамжаа хууль тогтоомжоо төлдөг байх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ч сөргөөр нөлөөлдөг. Энэ байдлыг халах нь зүйтэй. Ингэж байж бид эдийн засгийн төрөлжсөн салбаруудаа дэмжинэ гэж үзэж байна. Нөгөө талаар улсын эдийн засгийг цааш нь авч явахын тулд гадаад худалдааны тэнцлийн алдагдалд анхаарч, зохицуулалт хийх хэрэгтэй Зохицуулалт хийхдээ төрийн хүнд суртлыг нэмэх биш эдийн засгийн, зах зээлийнх нь зарчмаар илүү эрүүлээр хөгжүүлэх нь чухал байна” хэмээв. Ямартаа ч энэ төр засаг хувь хүний хуулийн хүрээнд чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөх, капитал бий болгох боломжийг бүрдүүлж өгөхийн төлөө бодлого боловсруулсан байна.
Д.Дорж