Кран унах осол удаа дараа гарлаа. Цаашдаа ч эрсдэл байсаар байх бололтой. Барилга хоорондын зай, стандартыг үл тоож барилга барьж байгаа нь аюул дагуулна шүү! Хажуу талынхаа барилга дээр унавал юу болох вэ?!
Хамгийн гол нь замбараагүй барилгажилтыг цэгцлэхгүй бол энэ мэт осол аваар тасрахгүй нь дэндүү тодорхой. Хамгийн сүүлд л гэхэд хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байсан барилгын кран унаж хоёр иргэн цаг бусаар хорвоог орхилоо. Дээрх осол болсны дараа Мэргэжлийн хяналтаас мэдээлэл хийж “Нийслэлд эрсдэл өндөртэй 2,100 барилгын 10 гаруй хувь нь ямар нэг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн байна’ хэмээн мэдэгдсэн. Үүнээс үзвэл ямар ч төлөвлөлтгүй орон сууцнууд олноор баригдах үзэгдэл байсаар байна гэсэн үг. Наад зах нь барилга хоорондын зай гэдэг хамгийн чухал стандарт алдагдаж байгаа нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах боломжийг алгадуулж байна. Цахилгааны монтаж муутай барилгад гал гарлаа гэхэд бөөр бөөрөөрөө нийлсэн барилгууд яах болж байна вэ? Хүүхдийн талбай, машины зогсоолгүй орон сууцны хороолол нэртэй ая тух муутай орчин маш их байна! Ер нь барилгын зөвшөөрлийг олон талын норм норматив, шалгуурыг сайтар шинжлэн дүгнэж байж олгох ёстой биз дээ? Тэр хууль дүрэм яг мөрдөгдөж чадаж байна уу?
Д.Сүлд