Нийгмийн сүлжээнд авах юм байна уу? Уурлаж бухимдан байж сошиал руу орох хэрэг байна уу гэж бодох ч ажил мэргэжил маань заавал тийшээ чангаана. Монголчуудын хувьд одоо л засч авахгүй бол сошиал ертөнц бидэнд нэг талаар гай удах хэмжээнд хэдийнэ хүрчихэж гэж шулуухан хэлэхээс аргагүй нь. Тэнд сайн зүйл байна. Ухаалаг, зөв бодолтой жиргээчид, “фейсбүүкчид” олон байна. Харж, баярлаж байна. Аливаа асуудлыг дандаа эерэг талаас нь харсан, монголчуудын буруу хандлагыг аль болох ойлгуулах, нийгмийн ухамсрыг аль болох дээшлүүлэх юмсан гэсэн бодолтой хүмүүс олон байна. Гэхдээ бусдыг гутаан доромжилсон, амьдаар нь алахаас буцахгүй зүрх сэтгэлгүй хүмүүс сошиалд бүр илүү “аж төрөх” болжээ. Амьдрал бол амьдрал. Энэ чинь санамсаргүй явдлаар дүүрэн хорвоо. Санаатай алдаа хийх нэгэн байхад санамсар болгоомжгүйгээр хазгай гишгэх хүн ч бий. Чамайг цагийн дараа, магадгүй маргааш юу хүлээж байгааг хэн ч таашгүй. Гэтэл ямар нэгэн байдлаар хэл аманд орсон, олон нийтэд үл таалагдах үйлдэл гаргасан хүнийг шуудхан л “бариад идчих” юм. Бүр “Би дутчих вий” гэсэн шиг хорвоогийн хатуу, хамгийн бохир үгээр эрээ цээргүй, хайр найргүй балбана. Бид чинь нийгмийн бүтээгдэхүүн ухаант хүн болохоос хээрийн зэрлэг араатан биш биз дээ? Эсвэл улай үзсэн хэрээ юм уу?! Ямар ч асуудлын цаана учир шалтгаан гэж байдаг. Цаад нарийн учрыг нь эхлээд олоогүй, олохыг хүсэхгүй байгаагаас та бүхэнтэй л адилхан хүн тун эвгүй байдалд орж байна. Өөрийг нь огт танихгүй хүмүүс тал талаас нь чичлээд, хайр найргүй “буудаад”, “цаазын ял” уншаад эхлэхээр ямар байдалд орохыг төсөөлж үзээч. Хүн болгоны темпрамент, хүмүүжил, төлөвшил, зан араншин, оюун бодол ялгаатай. Бас тухайн үеийн сэтгэлзүйн шинжээс ч олон зүйл хамаардаг.
Хэрвээ намайг, миний хамгийн хайртай хүмүүсийг нийтийн сүлжээгээр хүсэшгүй муухайгаар хэлээд, “чулуу” шидээд, нулимаад, харааж зүхээд эхэлбэл би ямар байдалд орох вэ гэж ядаж ганц удаа ч эргэцүүлж бодох чадвар алга! Алга ч гэж дээ, магадгүй амьдралын утга учир нь болсон сошиал гуай хүний тэр сайхан чанарыг уусгаж, устгаад эхэлчихсэн хэрэг л дээ. Аливаа асуудлыг өөртэйгөө харьцуулж бодох, бусдыг сонсох, ойлгох, өршөөн уучлах, энэрэх сэтгэл өдрөөс өдөрт холдож байгааг бидэнтэй зэргэцэн орших болсон сошиал ертөнцөөр дүүрэн хөврөх нус цэр шиг пост, жиргээ, комментуудаас төвөггүй харж болно. Хүн гэдэг ухамсарт бодьгал нэг нэгнээ хайрлаж байж л өнө удаан орших учиртай. Хүн байтугай адгуус араатанд ч энэрч, өрөвдөх инстинкт байдаг биз дээ?Оросын сонгодог зохиолч Лев Толстой “Хүмүүс өөрөө өөртөө санаа тавьснаар амьдраад байгаа юм биш. Харин бусад хүмүүсийн хайр энэрлийн хүчинд амьд яваа юм” гэж уулга алдаж байсан удаатай. Тийм байсан юмаа. Монголчууд ч гэсэн дээр үеэс “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг агуу философиор амьдраад болоод ирсэн юм! Амиа бодож байгаагүй юм! Одоо ч тэр сайхан чанар арилаагүй гэдэгт итгэхийг хүсч байгаа ч нийгмийн сүлжээнд хэдийнэ шинээр бий болсон олдмол хүйтэн сэтгэлгээг бодохоор сэтгэлээр унах шиг… Монголчууд цөөхүүлээ. Мөнхөд тусгаар тогтнолоо хадгалж, хүчирхэг гүрэн болоё гэвэл эв нэгдэлтэй байхаас өөр аргагүй. ТУСГААР ТОГТНОЛ МААНЬ ЭВ НЭГДЭЛ ДЭЭР СУУРИЛДАГ ГЭДГИЙГ ХЭЗЭЭ ОЙЛГОХ ЮМ БЭ?
Шуудхан хэлэхэд бие бие рүүгээ муухай харах эрх бидэнд байх ёсгүй. Тэр талаасаа сошиал гэгчийг улстөрийн явцуу эрх ашиг, атгаг хар сэтгэлээр ашиглах болсноор бидний эв нэгдэлд ан цав гарч байгааг олж харах, дүгнэлт хийх цаг болсон шүү! Дэлхийг чичрүүлсэн, тэвдүүлсэн аюулт цар тахал Монголд дэгдсэн ийм маш эмзэг, хэцүү үед сошиалд “найрладаг” хүмүүс улсынхаа, монголчуудынхаа эрх ашгийн үүднээс үг хэлэндээ бодолтой хандах ёстой атал өнөөх л дэвэргэсэн, улстөржүүлсэн, баалсан, доромжилсон, гүтгэсэн, мушгисан “өвчин” байсаар байна! Одоо нэгэнт монголчуудыг сошиалгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмжээнд хүрчээ. Ёстой л найман настай балчираас 80 настай буурал хүртэл “фейсбүүкдэж” цагийг нөхцөөх болж дээ. Хамгийн гол нь нийгмийн сүлжээг дагаад үүсч буй хар бараан, бузар булай үзэгдэлд бодолтой хандахгүй бол өсвөр үеийн оюун санаа хордож гүйцлээ.
Хэн нэгнийг хэлэхийн муухайгаар хэлж таашаал авдаг олмдол гаж дон нийтийн сүлжээг дагаад үүсч байгаа нь маргааш Монгол Улсыг авч явах бяцхан хүүхдүүдийн бодол санаа, хүмүүжилд яаж нөлөөлөхийг ойлгох ухаан чадвар байхгүй гэж үү, та нарт?Монгол хэлийг ямар муухай эвдэж байгаагаа эрхэм жиргээчид, фейсбүүкчид анзаарч, ядаж үр хүүхдийнхээ төлөө нэгийг тунгаах цаг хэдийнэ ирсэнийг анхааруулая. Тэр твиттерийг хар даа. “Үхсэн ацаа хийх гэж” гэдэг үгийг эр, эмгүй хэрэглэж, түүгээрээ ид бах хийж байна. Уг нь “Яах гэж” гэсэн санаа юм билээ. “Байсын байгааздээ /байсан юм байгаа биз дээ гэж бичиж байгаа царай нь/”. “Чамд ёвуулсанаа өөр хэнд ч ёвуулахгүйээ /Чамд явуулсан зургаа хэнд ч явуулахгүй ээ гэж арай ядан “орчуулна”/. Юм гэдэг үгийг ём гэж бичих “шинэ дүрэм” тэнд үйлчилж байна. Сошиалын хэл, бичиг гэдэг тустай зүйл бий болсон бололтой. Үг үсэг, утга найруулга, хэлзүйн үй түмэн алдаа, сэтгэхүйн доройтол тэнд зандалчин шиг бужигнаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Эх хэлээрээ наадан зугаацах нь улсынхаа хувь заяагаар даажигнаж байгаа мэт ойлгогдоод, нүд, сэтгэл харанхуйлаад байна!
Д.Лхагвадорж