УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой асуудлаар асуулга тавьсан билээ. Уг асуулгын хариуг Засгийн газар өнөөдөр өгчээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй уг хариунд Монголбанкнаас өгсөн 30-аад хуудас тайлбар мэдээллийг хавсаргасан байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы гарын үсэгтэй хавсралтад “…эдгээр эдийн засгийн тооцооноос харахад инфляци, шатахууны үнийг дагаад хэрэглээний сагсан дахь гол нэрийн барааны үнэ дагаад өсч эхэлсэн, үнэ хөөрөгдсөнөөр иргэдийн амьдрал хүндэрч эхлэх нь тодорхой байна зэрэг дүгнэлт нь хэт улстөрийн өнгө аястай, бодит нөхцөл байдлаас хэт зөрүүтэй байна. Улстөрийн зүтгэлтний энэ мэт тооцоо, судалгаа муутай дүгнэлт, мэдэгдэл нь иргэдийн инфляци, валютын ханшийн талаарх хүлээлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм” гэх зэргээр бичжээ.