Өчигдөр нийслэлд нэлээд ширүүхэн бороо орлоо. Энд тэндгүй үер бууж, баахан айл усанд автав. Дайны хажуугаар дажин гэгчээр үерийн устай хамт хотоор нэг хог урсав. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн гудамж хороогоор нэг “хогон далай” үүссэн бололтой юм. Энэ үзэгдэлтэй зэрэгцээд тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчид ганц сурсан зангаараа фейсбүүкдэж бөөн хараал ерөөл болов. Тэр их хог ерөөсөө л дээр байгаа нөхдүүдийн буруу гэнэ. Өөрсдөө огт гэмгүй, цэвэр цэмцгэрийн туйл улс аж. Тэр хогийг хэн тарьсан болж байна вэ? Дүүрэг, хорооны дарга уу? Эсвэл хаа байгаа Баянзүрхийн иргэд портер портерээр нь хог аваачиад хаясан хэрэг үү?
Ингээд бодохоор СХД-ийн хог хаягдлын буруутан нь тус дүүргийн иргэдээс өөр хэн байх билээ? “Хашаанд байгаа хогоо графикийн дагуу ачуулахаас бултаж, ойролцоох жалга, гуунд хаядаг айл өрх олон байна. Тэр ч бүү хэл булан тойроод айлын хашааны буланд асгачихаад зугатдаг’ гэж хорооны ажилтнууд ярьж байна. Өөрийнх нь хашаа нь л цэвэр байвал тэр хавийн гудамж, орчин ахуй ямар байх нь огт хамаагүй гэж боддог аминчхан тэнэг үзлээс болоод хог гэдэг гамшиг дийлдэхгүй байгааг иргэд ухамсарласан цагт асуудал цэгцрэнэ биз дээ? Бас орон сууцны хорооллууд архины хамраалтай хүмүүсээс болоод хогны асуудалтай тулгарах болсоор уджээ. Өөрийнхөө бурууг өрөөлөөс хайдаг арчаагүй зан монголчуудын дунд газар авч байгаа нь гутмаар алдаа!
Д.Дорж