Ковидоос гадна томуугийн өвчлөл их байна. Өрхийн болоод дүүргийн эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрчээ. Өнгөрөгч ням гарагт Баянзүрх дүүргийн яаралтай тусламжийн тасаг руу орвол халуурч, ханиалгасан хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд урт дараалал үүсгэжээ.
“Урд амбулаторид бас үзэж байгаа” гэж нэгэн эмэгтэй хэлэв. Ачаалал их байгаагаас амралтын өдөр аргаа бараад амбулаторид үзлэг хийж байгаа аж. Харамсалтай нь өөрөө ч, дагуулж яваа хүүхдүүд нь ч амны хаалтгүй хүмүүс олон байна. Ялангуяа эмэгтэй хүмүүс эмнэлэгт ирчихээд амны хаалтгүй байгаа нь их л муухай харагдсаныг нуух юун.
Ковидын тархалт дуусаагүй, ер нь цаашдаа ч байсаар байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулж, олон нийтийн газар маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг анхааруулсаар байхад иргэд тоож байгаа юм алга. Хэвийн байдалдаа орсон юм шиг л дураараа аашилж байгаа нь ердөө л эмгэнэл. Худалдаа, үйлчилгээний газрууд, супермаркетууд ч халдвар хамгааллын дэглэм гэдгийг мартаж. Гар ариутгагч, халуун хэмжигчтэй супермаркетууд өдрийн од л гэсэн үг. Худалдагч, кассууд нь амны хаалтгүй, үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч адилхан байна!
Нэгэн өрхийн эмч “Өдрөөс өдөрт Covid-19-ийн тохиолдол ихсэж байсан бол одоо томуугийн тархалт эрчимтэй тархаж байна. Уг нь жил бүрийн гуравдугаар сард томуугийн идэвхжилт дуусдаг. Харин энэ жил тавдугаар сараас томуугийн тархалт идэвхжиж байна. Тиймээс иргэд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Энэ удаагийн томуугийн онцлог нь хүүхдүүд маш хурдан хүндэрч, хатгаа болж байна” гэж анхааруулсан нь бодитой сэрэмжлүүлэг шүү дээ. Өөрсдийн ухамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж амьсгалын замын өвчин тусч нийгэмд гай удахгүй байвал яасан юм бэ?
Д.Дорж