1996-2000 онд Ардчилсан холбоо эвслээс УИХ-д сонгогдон ажиллаж байсан доктор, профессор Д.Дашпүрэв “Өдрийн сонин”-д улстөрийн өнөөгийн нөхцөл байдал болоод АН дотор үүсээд буй асуудлын талаар томоохон ярилцлага өгчээ. Тэрбээр “Ардчилсан нам гэж байна. Сайн нам байсан. Сайн ч сөрөг хүчин болдог байлаа. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тараасан. Тэр хүн бол улстөрч гэхээс илүү ганзагачин хүн. Тэр зүгээр л улс төрийн наймаачин хүн байхгүй юу. Ерөнхийлөгч байхдаа буухынхаа өмнө маш олон одон Монголоор нэг тараасан. Төрийн нэр хүндээр тэр хүн ганзага хийсэн. Тэр ганзаганыхаа үр дүнд баахан одон медаль авсан хүмүүсээ цуглуулаад “АН-аас би сонгогдсон. 330 сумын намын дарга нар надад гарынхаа үсгийг зурсан” гэж улс төрийн “унгас” алдаж байгаа байхгүй юу. Тийм юм байдаггүй юм. Тийм учраас урьдны, хуучны АН дампуурлаа л даа. Одоо түүнийгээ засах хэрэгтэй. С.Эрдэнэ ч хэрэггүй. Э.Бат-Үүл ч больчихсон. Ц.Элбэгдорж ч больчихлоо. Р.Гончигдорж ч одоо гарч ирэхгүй. Одоо улс төрийн карьер хөөж байгаа шинэ залуу хүн тэр намыг аваад явна биз” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.